“Тавантолгой”-д ахиц гарсангүй
2015-05-18

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Бид хүүхдийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. Д.Оюунхорол нарын гишүүн Гэр бүлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хөвсгөлд гурван хүүхэд гэртээ цоожтой орхисноос галд амь насаа алдлаа,  гэрт нь цоожилж явснаас хүүхэд тагтан дээрээ гарсныг онцгой байдлын аврагчид аварлаа. Эндээс харахад эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавих хандлага дутмаг байна. Үүнтэй холбогдуулж хөдөө орон нутагт, тэр дундаа малчдын хүүхдийг 6-8 наснаас нь ерөнхий боловсролын сургууль суралцуулах боломж олгоё.  Өнөөдөр Улаанбаатар хотод цөөхөн хувийн сургууль л сургуулийн автобустай байна. Оюутнууд нийтийн тээвэрт дуртай чиглэлдээ үнэгүй зорчиж байна. Тиймээс гэр сургууль хоёрын замд хичээлийн цагаар нь хүүхдийг нийтийн тээвэрт үнэгүй зорчуулдаг болгоё гэж МАН-ын бүлгийнхэн санал гаргаж, өргөн барьсан хуулийн төсөл тусгахаар зарчмын зөрүүтэй санал гаргалаа гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж байна. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцлээ. Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчид энэ хуулийн хүрээлэл явагдана. Эрх баригч АН 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа “Самурай”, “Чингис бонд” болон Үнэ тогтворжуулах хүрээнд 3.8 их наяд төгрөг хэвлүүлж гаргасан. Үүнийг шалгуулж байгаа. Энэ шалгалтын дүн гараагүй байхад уг хуулийн төслийг хэлэлцэхгүй гэсэн байр суурьт МАН-ын бүлэг хүрсэн гэдгийг хэлье гэсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн бариад 21 хонож байна. Өнөөдрийг хүртэл ямар нэг ахиц дэвшил гарсангүй. Тиймээс манай бүлэг Тавантолгойн төслийг ямар нэг байдлаар УИХ-аар хэлэлцүүлэн шийдэлд хүрэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. АН-ын бүлэг УИХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсэг байгуулсан. Дараа нь АН-ын гүйцэтгэх зөвлөл нь уг төсөлд  51 хувийг төр авах ёстой. Цаашлаад Тавантолгой төсөл УИХ-д хэзээ орж ирэх нь тодорхойгүй, хэрвээ цааш явуулбал  дээрх консурциумийн төслөөр хэлэлцүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тиймээс манай бүлэг Тавантолгой төслийг хэрэгжүүлвэл эдийн засагт ахиц гарна гэсэн байр суурьтай байгаа  хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Сонгуулийн тогтолцоон дээр ямар байр суурьтай байгаа бол. Санал асуулга явуулах төсөл өргөн барьсан. Ард нийтийн дунд санал асуулга явуулбал хичнээн хэмжээний зардал гарах бол?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Сонгуулийн хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жасгаалтад багтсан. МАН-ын бүлэг хаврын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахдаа сонгогчдын саналыг сонссон. Сонгогчид намын жагсаалтаар сонгох нь буруу юм байна. Бид хүнээ сонгох хэрэгтэй гэж байсан. Тийм учраас манай бүлэг сонгуулийн тогтолцоогоор ард нийтийн санал асуулга явуулах төсөл өргөн барьсан. Энэ нь намын жагсаалтаар уу, сонгогчдын саналаар явуулах уу гэдгийг асуух юм. Санал асуулга явуулахад 4 тэрбум орчим төгрөгийн зардал гарах юм билээ. Гэхдээ үүнээс өөр арга байж болно. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтийн дунд мессэжээр санал асуулга явуулсан байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин