Нойргүйдэл хавдар үүсгэдэг
2015-05-18

Өнөөдөр дэлхий дээр жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байна. Илүү нарийвчлан авч үзвэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байгаа гэсэн тооцоо бий. Тэдгээрийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс 1.4 дахин илүү өртдөг аж. Нойргүйтэх өвчин манай улсын иргэдэд ч түгээмэл тохиолдох болсон. Нойргүйдэл нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд харамсалтай нь иргэд буруу эм хэрэглэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байна.

Тэгвэл нойргүйтэх өвчин гэж чухам юу болох, бүтэн нойртой унтахын тулд яах ёстой талаар “Алт Болд” эмнэлэгийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяраас тодрууллаа.

 



Нойргүйдэл гэж чухам юу вэ?

Нойргүйдэл гэдэг нь нойрсох, нойрны үргэлжлэх хугацаа, сэрэх үйл ажиллагаа алдагдаж байгаатай холбоотой гарч ирдэг эмгэг юм. Нойргүйдэл гэдэг тооны төдийгүй чанарын өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл унтаж чадахгүй нойр хулжих, эсвэл унтаж байгаад гэнэт цочиж сэрэх, эрт сэрэх явдлууд нойргүйдэлд багтдаг. Эдгээр шинж тэмдгүүд нь сүүлийн 3 сард 7 хоногт 1-2 удаа дахин давтагдаж байгаа бол үүнийг архаг нойргүйдлийн шинж тэмдэг гэж үздэг.

 



Нойргүйдэлд хүргэдэг шалтгаан нөхцлүүд нь юу байдаг вэ?

Нойргүйдэлд хүргэдэг маш олон шалтгаанууд байдаг. Үүний номер нэгт сэтгэцийн эмгэг багтдаг. Нөгөөтэйгүүр хувь хүний ажил, амьдралын дэглэм алдагдах, ялангуяа ажлын ачаалал хэт их байх үед, сэтгэл санаа түгшүүртэй үед нойргүйдэл гарч ирдэг. Мөн эмийн буруу хэрэглээ багтдаг. Ялангуяа манай иргэд нойрсуулах төрлийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх явдал нь эргээд нойргүйдэлд хүргэдэг.

 

 

Түүнчлэн эмийн болон химийн бодист багтдаг кофеин, кокаин, мансууруулах эм, ургамалуудыг эмх замбараагүй өргөн хэрэглэх явдал нь нойрыг үргээх бас нэгэн шалтгаан болдог бол хар тамхи, архидалт зэрэг донтолтууд нойргүйдлийг үүсгэдэг.

 

Мөн архаг өвчтэй хүмүүст архаг өвдөлтийн үед нойргүйдэл бий болдог бөгөөд нойргүйдэл нь хувь хүний эрүүл ахуйн дэглэмтэй ч бас холбоотой. Тухайлбал унтаж байгаа өрөө тасалгаа дуу шуугиантай байх, бөгчим халуун байх, зарим тохиолдолд хурц гэрэлтэй байх нь нойр хулжихад хүргэдэг. Бас ээлжийн ажил олон жил хийсэн хүмүүс нойргүйдэх эмгэгтэй болдог.

 

Өөрөөр хэлбэл олон цагаар нислэг хийдэг онгоцны нисгэгч, үйлчлэгч нар архаг нойргүйдэлд ихээр өртдөг. Ер нь нойргүйдэл гэдэг нь биеэ даасан өвчин байхаас илүү бусад өвчний шинж тэмдэг байх нь олон тохиолддог.

 



Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ. Эмчлэхгүй явснаар ямар үр дагаварт хүрч болох вэ?

Аливаа нэг хүн 2, 3 шөнө нойргүй хонолоо, одоо яаж унтнаа гэсэн бодол нь эргээд нойргүйдлийг бий болгодог. Нөгөөтэйгүүр хүмүүс нойргүйдэлтэй тэмцэж байна гээд димедрол, кетотифем, фезам, циннеразим, тавегил зэрэг янз бүрийн эмүүдийг дураараа угаад байгаа явдал нь буруу. Эдгээр эмүүд нь угаасаа нойрны эм биш. Нөгөөтэйгүүр эмийн гаж нөлөө нь унтаа нойрмог байдлыг үүсгэдэг. Үүнийг хүмүүс мэдэхгүй нойрны эм гэж ууснаасаа болоод эмийн буруу хэрэглээнд ороод байна. Иргэдийн хамгийн их хэрэглэж байгаа “фезам” гээд эм нь хоёр эмийн нийлмэл бөгөөд угаас нойрны эм биш юм. Зарим тохиолдолд иргэд нойр хүргэх биш нойргүйдэл бий болгох үйлчилгээтэй эмийг андууран хэрэглэж байна.

 



Тэгэхээр нойргүйдсэн тохиолдолд юун түрүүнд эмчид хандах хэрэгтэй гэсэн үг үү?

Тийм. Таны нойр хүрэхгүй байгаа бол шууд эмчид хандах хэрэгтэй. Мөн нойргүй хонож байна, яаж унтах вэ гэсэн бодлоосоо хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Аль болох агаарт гарах, сүү уух, өөртөө иллэг хийх, бүлээн баннанд суух нь нойр хүргэх ердийн энгийн аргад ордог. Нөгөөтэйгүүр унтахгүй байна гэдэг нь хувь хүний өөрийнх нь зан төрх, боловсролоос ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл хэт шаналамтгай, юманд санаа зовомтгой хүмүүс өнгөц унтдаг, нойргүйтэх өвчинтэй байдаг.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин