Сэргээгдэх эрчим хүчийг олон улсын түвшинд хэлэлцэнэ

Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар Гадаад хэргийн яаманд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын бага хурлын талаар мэдээлэл өгсөн юм. Уг бага хурал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох аж. Хуралд гадны улс орны 100 орчим албан ёсны төлөөлөгч, эрдэмтэн мэргэжилтэн оролцоно.
Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгааны шинжилгээний шинэ орчин бүрдүүлэхэд хурлын гол зорилго оршиж буй аж. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрхзүйн орчин, Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Хурлыг Эрчим хүч, Гадаад хэрэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд хамтран зохион байгуулж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ