Хяналтын шатны шүүхийн шийдвэр эцсийнх
2015-05-21

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн чиг үүрэг болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хэрхэн ажиллах нь бүрхэг, ойлгомжгүй болох тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй гэсэн санал гаргасан.

 

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд … Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.  ...” гэснийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн.

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ө.Энхтүвшин “Өнгөрсөн 3 жилд  хийсэн шүүхийн шинэчлэлээс үлдсэн зүйл байна уу?” гэсэн юм. Үүнд Хуульзүйн экс сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Өмнөх парламентын үед шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсан. Харин шүүхийн шинэтгэл нурж байна. Анхан шатны шүүх дээр иргэдийн төлөөлөгч оролцоно гэдэг асуудал унасан. Анхан шатны шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой давж заалдах шатны шүүхийн шинэчлэл мөн унасан. Мөн Дээд шүүх хууль тайлбарлахгүй, хуулийн тайлбар гаргана гэдэг асуудал мөн унасан. Цэцэд гомдол гаргасан иргэдийн тайлбарыг сонсохоор Дээд шүүхийн шүүгчид нийтээрээ хуралдаж байгаад шийдвэр гаргах асуудлыг хөндөөд байна. Дээд шүүх гэдэг “том уут”-аараа нэршсэн танхимаар гарч байгаа шийдвэрийг нураах бодлого яваад байна. Дээд шүүх нийтээрээ зарим шүүхийн шийдвэрийг нураах бодлого явуулж байгаа юм. Манайх шиг Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх нь тусдаа орнуудад байдаг тогтолцоог боловсруулсан хуулийг унагаж байна. Эсвэл Дээд шүүхийг цомхотгох хэрэгтэй гэлээ.  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргасан л бол тэр эцсийнх байна. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаа. Хяналтын шатны дээр дахиад нэг шүүх таслах үйл ажиллагаа явагдах хэрэггүй” гэв.

Байнгын хорооны саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжих боломжгүй гэсэн саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн дийлэнх нь байнгын хорооны саналыг дэмжсэн юм. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтийг буцаалаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин