Барилгын материалын тээвэрлэлтийг зохицуулах журам батлагдлаа
2015-05-22

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт  барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав.



“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төсөл нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын материалын тээвэрлэлтэд стандартын шаардлага хангасан авто тээврийн хэрэгслийг ашиглах, ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах шаардлага, хүлээх эрх үүргийг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.



Нийслэлийн 7 дүүрэгт 129 аж ахуйн нэгж, байгууллага элс, хайрга, дайрга олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Журмын төсөлд түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга болон барилгын материалыг сэлгэн ачих зориулалт бүхий терминалиудыг Сонгинохайрхан дүүрэгт Эмээлтийн Шалган бүртгэх товчоо орчим, Хан – Уул дүүрэгт Яармагийн Шалган бүртгэх товчоо орчим, Баянзүрх дүүрэгт Баянзүрхийн Шалган бүртгэх товчоо орчимд зайлшгүй байгуулах шаардлагатай гэсэн саналыг тусгажээ. Ингэснээр элс, хайрга, дайргыг карьераас технологийн тээврийн хэрэгсэл, технологийн замаар дээрх цэгүүдэд байгуулах терминал хүртэл зөөж, терминалаас бетон зуурмагийн үйлдвэр болон ачаа шингэх цэг хүртэл стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөөх юм.   



Журмын төсөлд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлт эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам” –ийн дагуу нийслэлд ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕС зөвшөөрөл” – ийг “ТҮЦ” машинаас авч замын хөдөлгөөнд оролцох юм. Мөн Ачааны автомашин зорчихыг хориглосон болон цагийн хязгаарлалт тогтоосон нийслэлийн гудамж, замуудаар зайлшгүй шаардлагаар ачаа тээвэрлэлт хийх тохиолдолд түр зөвшөөрлийг нийслэлийн Тээврийн газраас авч тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.



Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд уг журмын төслийг хэлэлцээд зарим заалтыг нэмж тусгах шаардлагатайг сануулж, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин