Барилгачдын холбоотой хамтран ажиллана
2015-05-22

Батлан хамгаалах яам, Монголын барилгачдын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар гарын үсэг зурсан юм.

 

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд  нийслэл, аймаг орон нутагт хэрэгжиж буй орон сууцжуулах бүтээн байгуулалтын хөтөлбөр  төслүүдтэй “Монгол цэрэг бүтээн байгуулалт”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал” “Цэргийн алба хаагчийн орон сууц”, зэрэг дэд хөтөлбөр, төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэх зорилготой аж.

 

Цаашлаад бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудын офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх болон батлан хамгаалах салбарт ажиллагсадыг орон сууцаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

 

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нараас цөөн асуултад хариулт авлаа.

 

З.Болдбаатар: Орон сууц хүссэн 3000 гаруй хүний өргөдөл бий

 

-Батлан хамгаалах салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэ санамж бичиг дөхөм болох уу?

-Батлан хамгаалах салбарын тулгамдаж байгаа асуудал бол манай салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх юм. Үүний нэг нь цэргийн албан хаагчдын орон сууцаар хангах асуудал байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цэргийн албан хаагчийг орон сууцаар хангана гэсэн зорилт бий. Энэ ажлын хүрээнд Батлан хамгаалах яамнаас Монголын барилгачдын холбоотой хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Үүний гол зорилго батлан хамгаалах салбар барилгын салбарын бүтээн байгуулалтын ажилд оролцох юм. Түүнчлэн хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдаас барилгын мэргэжлээр сургах, мэргэжлийн сургалтын төв байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, гадаад, дотоодод Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудын офицер, ахлагч нарын мэргэжил дээшлүүлэх,  багш бэлтгэх сургалтыг хамтран зохиоход оршиж байна.

 

-Орон сууц хүссэн хэдэн хүн байдаг юм бол?

-3000 орчим хүн байна. Тэтгэвэрт гарсан, одоо албаа хааж байгаа гээд янз бүр байна.

 

М.Батбаатар: Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын эзэд

 

-Санамж бичиг байгуулах ач холбогдол юу байв?

-Засгийн газрын “100 мянган айлын орон сууц”, Нийслэлийн  “Гэр хороололын дахин төлөвлөлт”, “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц”  болон аймаг орон нутагт хэрэгжиж буй “1000 айлын орон сууц” зэрэг  хөтөлбөр, төслүүдэд сонголт, судалгаа хийж батлан хамгаалах салбарт ажилагсадыг орон сууцаар хангах, бүтээн байгуулалтын ажлуудад оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Мэдээж зэвсэгт хүчин үе, үеийн бүтээн байгуулалтын их эзэд нь байдаг. Зэвсэгт хүчний барилгын салбарт оруулсан бүтээн байгуулалтыг тоочоод баршгүй. Энэ хүрээндээ тангараг өргөөд ажиллаж байгаа сайхан залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нь зүйн ёсны хэрэг. Ирэх  2016 онд барилгын салбар үүсч хөгжсний 90 жил ой болно. Энэ үеэр батлан хамгаалах салбарыг барилгын салбарын  хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг үнэлэх учиртай.

 

-Эзнээ хүлээж байгаа хэдэн орон сууц байдаг бол?

-8000 гаруй орон сууц байна. Үнэ нь хэт өндөр байгаа учраас худалдан авагчид алга байна. Ер нь батлан хамгаалах гэлтгүй төрийн албан хаагчид барилга барьсан бодит өртөг, барилга барьсан компанийн цэвэр ашиг болох 10-20 хувь гэсэн зардлууд орсон төлбөрийг төлж орон сууц авч байх ёстой. Түүнээс биш орон сууцаа хэт хөөрсөн үнээр зарах учиргүй.

 

-Батлан хамгаалах салбарынханд зах зээлийн үнээс хямдхан нийлүүлэх боломж байгаа юу?

-Өнөөдөр санамж бичгээ байгууллаа. Цаашдаа судалж үзээд аль болох хямдралтай үнээр нь нийлүүлэх талаас нь ярилцах нь зүйн хэрэг юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин