Хүүхэд хамгааллын сургагч багш нарыг бэлтгэнэ
2015-05-25

Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн онц ноцтой хэлбэрээр үйлдэгдсэн хэргүүд гарсаар  байна. Тиймээс хуулийн байгууллагын ажилтнуудыг сургах, хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандах, нийгмийн бүхий л салбартай хамтран ажиллаж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чадамжтай байх шаардлага бий болоод байна.  

 

“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд харуй үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч-багш бэлдэх дөрвөн өдрийн сургалт маргааш эхэлнэ.

 

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн Институт хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулах аж. Сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар болон хүүхдийн байгууллагын ажилтнууд зэрэг 30 хүн хамрагдаж  үндэсний сургагч-багш болох юм байна.

 

НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтад хамрагдсан шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаагийн албаны дөрвөн  хуульч  энэхүү сургалтыг удирдан явуулах ажээ.  

 

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүйн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, холбогдох албаны хүмүүс  оролцох юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин