Төв талбайд номын чуулган эхэллээ
2015-05-25

Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр яг одоо Чингисийн талбай дээр болж байна.

 

Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хэн бүрийн саатах үзэсгэлэн, худалдаа үүдээ нээжээ.

 

Жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй “Номын баяр”-т  олны танил номын зохиолчид өөрсдөө номоо худалдаалж байна.

 

Дөнгөж хэвлэлтээс гарсан, будаг нь ханхалсан номнууд ширээн дээр эзнээ хүлээхийн зэрэгцээ хуучны ховор ном мэр сэр харагдана

 

“Номын соёлт ертөнц” ТББ болон UBS телевизээр үзэгчдэд хүрдэг “Номын Ертөнц” нэвтрүүлгийн уран бүтээлчдийн зохион байгуулж буй үндэсний хэмжээний “Номын баяр” тавдугаар сарын 25-26-нд “Монголын залуучуудын холбоо”-ны байранд үргэлжилнэ.

 

 Уламжлал болгон зохион байгуулдаг энэ баярыг номын хорхойтнууд тэсэн ядан хүлээдэг.

 

“Номын баяр”-т Монголын ном хэвлэлийн салбарынхан өргөнөөр чуулдаг. Энэ жилийн баярт улсын болон хувийн 40 гаруй байгууллага оролцож байна.

 

Мөн Монголын зохиолчдын эвлэлийн бүх зохиолчид ном, бүтээлээ дэлгэн тавьж байгаа бөгөөд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Шинжлэх ухааны академи, Монголын хамгийн анхны ном түгээдэг байсан байгууллага болох “Монгол ном” ХК, “Интер прэсс”, “Мон судар” гээд ном хэвлэлийн байгууллагын идэвхтэй 40 байгууллага, Дархан, Эрдэнэт, Завхан аймгаас зохиолч, уран бүтээлчид өөрийн ном, бүтээлээ оролцож байгааг зохион байгуулагчид онцолсон юм. 

 

Зөвхөн энэхүү номын баярын өдөр ном хэвлэлийн байгууллагууд, ном эрхлэн гаргагчид бүтээлээ 5-50 хувиар хямдруулан худалдаалж, уншигчдыг баярлуулж байна.

 

Мөн зохиолчийн гарын үсэгтэй худалдаа, ховор номын худалдаа, уншигч зохиолчийн уулзалт, номын нээлт, сугалаат худалдаа зэрэг номын эргэн тойронд олон сайхан арга хэмжээ болж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
soyol:
Hed honog vrgeljleh ve
2015-05-26