Эгийн голын УЦС-ыг барьж эхэлнэ
2015-05-26

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралджээ.  Хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

 

Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчилнэ

 

Тэрбээр мэдээлэлдээ:

-Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарлаа. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар өсч байгаа. Ялангуяа хүн ам ихээр суурьшсан Эрдэнэт хотод хүн ам жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл 1987 оноос хойш ажиллаж эхэлсэн Эрдэнэтийн ДЦС 150 мянган цаг ажиллахаас өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй цаг ажиллаж, хугацаа нь дуусгавар болсон байна. Тиймээс уг станц бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааныг хангах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл,  Эрдэнэт хотод  удахгүй баригдах төмөрлөгийн үйлдвэр, “Залуус”, “Элит”, “Эко” зэрэг томоохон хороолол баригдана.  Хотын ерөнхий төлөвлөгөөн ойрын үед хэд хэдэн томоохон хороолол баригдахаар тусгагдсан. Тиймээс энэ станцыг яаралтай  шинэчлэх шаардлагатай аж.  Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх, зарим тоног төхөөрөмжийг солих, концессийн гэрээгээр  бариулахаар ажлыг нь эхлүүлэхийг ЭХ-ний сайд, Сангийн сайдад даалгалаа.

 

Энэ станцыг шинэчилснээр төвийн бүсийн эрчим хүчний систем найдвартай хангагдана.  Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай  зэрэг төвийн эрчим хүчинд холбогддог системд холбогдог аймгуудад  дэд бүтэц, барилга байгууламж барихад цахилгаанаар хангах бололцоо нээгдэнэ.

 

Энэ станцыг өргөтгөхөд нийтдээ 55 сая ам.долларын өртөгтэй. ДЦС шинэчлэгдсэнээр жилдээ 7.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж,  10 орчим жилд зардлаа нөхнө гэж тооцсон. Санхүүжилтийг эхний ээлжин Хөгжлийн банк хийж байгаа. Цаашид олон улсын хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамруулах бодлого барьж ажиллана гэлээ.

 

Шалгаруулалт зарлахгүй шууд гэрээ байгуулна

 

Эгийн голын УЦС-ыг Монгол-Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр өмнө нь гарч байсан. Эгийн голын УЦС-ын эхний хэсгийг концессийн гэрээгээр барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Эгийн голын УЦС баригдсанаар төвийн эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, системийн тохиргоо, импортын  эрчим хүчнээс хамааралгүй болно гэж үзэж байгаа. Станцыг барих ТЭЗҮ-ийг хийгээд  дууссан. Эхний шатанд дэд бүтцийн ажлыг гүйцэтгэнэ. Үүнд 70 гаруй км цахилгаан дамжуулах шугам, дэд станц, Сэлэнгэ мөрөн дээр тавих гүүр зэргийг хийнэ.

 

Зураг төсөл нь бэлэн болсон ажлыг концессоор барина. Концессийн хуулинд “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйлийг ямар нэг уралдаан шалгаруулалт зарлахгүйгээр шууд гэрээ байгуулах” талаар тусгасан байдаг. 

 

 Эгийн голын УЦС нь эрчим хүчинд өндөр нөлөө бүхий байгууламж. Тиймээс үүнийг үндэсний аюулгүй байдалд хамааралтай гэж үзэн шууд гэрээ байгуулах нөхцөлөөр тусгалаа. Энэ нь нийтдээ 61 орчим сая ам.долларын өртөгтэй төсөл. Эхний ээлжинд концессоор байгуулаад, дараа нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөнөөс буцааж төлөх зориулалтаар станц барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

 

Хуурайшилт их байна

 

Хаврын тариалалтын явцын талаар ХХАА-н сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ.  Улсын хэмжээнд 338 орчим мянган  га-д үр тариа тариална. Үүний 300 орчим мянга га нь улаан буудай, 14 орчим  мянга га-д төмс, 7.8 мянган га-д хүнсний ногоо, 1 мянган га-д жимс, жимсгэнэ тариалах юм.  Хаврын тариалалтын явцыг ноднингийн мөн үетэй харьцуулахад үр тариа 10 орчим мянган га-гаар, төмс 5 мянга орчим га-гаар илүү тариалжээ. Сүүлийн хоногуудад шөнөдөө хүйтэн, өдөртөө хуурай салхитай байгаа учраас  хуурайшилт их байгаа аж. Энэ нь хаврын тариалалтын явцад сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч тариалалтын явц амжилттай явагдаж байгаа гэнэ. Тариаланчид салбарын сайддаа тариалангийн бүс, мал аж ахуйн бүсийг тогтоож өгөхийг хүссэн байна. Учир нь тариалангийн бүсэд мал бэлчээрлэснээр авах ургацын 30 орчим хувийг бууруулдаг байна. Мөн олон улсын зээл тусламжаар  олон төрлийн техник, тоног төхөөрөмж орж иржээ. Энэ нь завсарлах, ажиллуулахад сэлбэг хэрэгсэл дутмаг байдаг байна. Тиймээс техникийн бодлого дээрээ анхаарахыг тариаланчид хүссэн байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zoorind toms idej honoh
2015-05-26