Авто худалдааны нэгдсэн төв ирэх сард ашиглалтад орно
2015-05-26

Нийслэл хотын 200 гаруй байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд автомашин худалдаадаг цэг байдаг хэмээн албаны хүн онцолж байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин худалдах, худалдан авах, засвар үйлчилгээ, шилжүүлэг, банк санхүүгийн байгууллагатай харилцах зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор байршуулсан Авто худалдааны цогцолборыг байгуулж байгаа юм.

 

Тус цогцолборын эхний ээлж өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орно гэж байсан ч амжаагүй. Энэ  оны дөрөвдүгээр сарын 20-наас гол дөрвөн талбайн асфальт хучилтын ажил эхэлсэн бөгөөд өнөөдөр Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд болон Авто худалдааны цогцолборын удирдлагууд өнөөдөр Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  

 

“Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг хэлэхдээ “25 жил автомашин худалдаалсан хүн өнөөдөр ахиад л түрээс төлөөд зогсож байгаа. Тэгвэл 3-3.5 жил төлөх түрээсийнхээ үнээр энд өөрийн гэсэн өмчтэй болчихно. Нэг машины зогсоолын өөрийн өртөг нь 12 сая төгрөг байгаа. Харин бид дөрвөн саяар борлуулж байна.

 

Дээрээс нь энэхүү зогсоолоо банкуудад барьцаанд тавьж зээл авах боломжтой. Арилжааны банкууд манайд зээлийн бүтээгдэхүүн гаргасан. Заавал бэлэн мөнгөгүйгээр автомашиныхаа бизнесийг эхлэх боломжтой болно.

 

Мөн Зээлийн Батлан Даалтын Сангийн зүгээс зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энд 15 барилга баригдана. Үүнээс 12 барилга нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах юм. Уг газрыг дуудлага худалдаагаар зарахаас есөн газрыг гурав орчим тэрбум төгрөгөөр худалдаалсан. Дөрвөн талбайг япон, солонгос, европ, хуучин дугаартай автомашин гэх зэргээр төрөлжүүлэн худалдаа эрхлэхээр төлөвлөж байна” гэв.

 

Авто худалдааны цогцолбор нь 6000 гаруй зогсоолтой.  Зогсоолын борлуулалт 30 гаруй хувьтай байгаа ба эхний ээлжийг ирэх сарын 10-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ. Эхний ээлжийн бүтээн байгуулалтын төсөв нь 20 тэрбум төгрөг бөгөөд одоогоор 22 цайны газар, таван нийтийн бие засах банк, даатгал, үйлчилгээний нийт 40 түр байгууламжийг байгуулах аж.

 

Түүнчлэн автомашины угаалга, дулаан гарааш, тос солилгоо, дугуй засварын газруудыг байгуулахаар үйлчилгээ явуулах сонирхолтой компани, хувь хүнтэй гэрээ хийж байгаа гэнэ. Авто худалдааны цогцолборын нийт талбайд утасгүй интернэтийн сүлжээг сууриулсан бөгөөд хяналтын камер байршуулах юм байна.

 

Автомашины худалдаанаас гадна дагалдах хэрэгсэл борлуулдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлж 1000 гаруй чингэлэг байршуулах бөгөөд “Өгөөмөр”, “Да хүрээ” захын түрээсийн үнээс хоёр дахин хямд үнээр түрээслүүлэх гэнэ.

 

Иргэдэд зориулсан үйлчилгээг ойртуулах үүднээс Авто тээврийн үндэсний төв тус цогцолборт байрлах бөгөөд тэдэнд 2 га газар гаргаж өгч байгаа аж. Тус төв байгууллагдсанаар авто машины бүртгэл, шинэ машин худалдан авч байгаа бол нэр шилжүүлэх, гаалийн бүрдүүлэлт зэргийг нэг цэгийн үйлчилгээгээр хийх гэнэ.

 

Одоогийн байдлаар тус цогцолборын дөрвөн талбайн гуравт нь асфальтаа дэвссэн бөгөөд уг ажлыг "Тэгшт плант" ХХК, "Эко тогтол" ХХК, "Анандын зам" ХХК, "Бат кубик" ХХК гүйцэтгэж байна. 22 товчоо хүрэх авто замаас баруун урд зүгт байрлах тус цогцолбор луу очих 1.7 км авто замын ажлыг гүйцэтгэгч өнөөдөр шалгарч байгаа гэнэ. Тэд ирэх сарын дунд гэхэд уг ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин