Дүйчин өдрийг өргөн тэмдэглэнэ

Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх зургадугаар сарын 2-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн их дүйчин өдрийн баяр” болгон хоёр дахь жилдээ тэмдэглэж, нийтийн сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн хүүхдэд ээлтэй нийгмийг төлөвшүүлэх уриалгыг дэвшүүлж байгаа юм байна.
Энэхүү баярын хүрээнд энэ сарын 21-ний өдрөөс эхлэн бүтэн сарын турш нийтээр Маань хөгжөөх буяны арга хэмжээг Гандантэгчэнлин хийдэд өдөр бүр 18.30-22.30 цагийн хооронд зохион байгуулж байгаа гэнэ. Мөн Түлэнхийн төвд шаардлагатай судас харагч аппарат бэлэглэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Учир нь түлэгдсэн хүүхдийн судас олоход маш хүндрэлтэй байдаг бөгөөд энэ аппарат жилдээ 1000 гаруй өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Өвчиндөө шаналж байгаа бяцхан үрсэд нэн хэрэгцээтэй ч Монгол Улсад байхгүй байгаа уг аппаратыг шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд санаачлан өгч байгаа гэнэ.
Харин баярын өдөр хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Бурхан багшийн гурван гол үйл явдлыг харуулсан сэрэг дүрийг залсан энэхүү жагсаал энэ сарын 31-ний өдөр буюу ирэх ням гарагийн 14.00-17.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас-Энхтайваны өргөн чөлөөгөөр-Гандантэгчэнлин хийдийн чиглэлд өрнөх аж. Уг ёслол хүндэтгэлийн жагсаалд Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баянгол дүүргийн иргэд, 16 төрийн бус байгууллага, оюутан залуус, ахмад настнууд хамтран оролцох ажээ.
Бурхан багшийн дүйчин өдрийн ёслолын арга хэмжээний хүрээнд олон сайхан ажил хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Түүнчлэн Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцдаг Их Дүйчин өдрийг Бурхны шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгээд ч Бурхан багшийн дүйчин өдрийг НҮБ-аас албан ёсны баяр болгон тэмдэглэдэг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ