Ч.Сайханбилэгт Казахстаны Тэргүүн Шадар сайд бараалхлаа
2015-05-27

БНКазУ-ын Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа.

 

 

Монгол, Казахстаны хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх,  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах болон олон улсын бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар уулзалтын үеэр санал солилцлоо. 

 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан амжилттай болсонд Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.

 

Хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчдийн уулзалтыг хоёр талд харилцан зохион байгуулах, хамтын ажиллагааны механизм бий болгох зорилгоор хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын түвшинд Бизнесийн хамтарсан зөвлөл байгуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр тус зөвлөлийн уулзалтыг давхар зохион байгуулж байхаар тохиролцсон нь чухал арга хэмжээ болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

 

Мөн байгалийн хий дамжуулах хоолойн ашиглалт, тээвэрлэлтийн  асуудлаар туршлага судлах зорилгоор Дамжуулах хоолойн тээврийг Монгол Улсад хөгжүүлэх боломжийг судлах ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн төлөөлөгчид Казахстанд туршлага судлах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин