Ерөнхий сайдыг хөнөөхийг завджээ
2015-05-27

Ливийн Тобрук хотноо иргэдтэй уулзаж байсан тус улсын Ерөнхий сайд Абдулла аль Тиннийг зэвсэгт этгээдүүд хөнөөхийг завдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд иргэдтэй уулзаад машиндаа суух гэтэл зэвсэглэсэн этгээдүүд гал нээсэн байна. Энэ үеэр 27 настай хамгаалагч эр шархтсан аж.

 

Тобрук хотын цагдаагийн газар халдлага үйлдэхийг завдсан зэвсэгт бүлэглэлийг шалгаж эхэлжээ. Халдлага үйлдэгчдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байж магадгүй хэмээн хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

 

“Ерөнхий сайдын биеийн байдал хэвийн байгаа” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр Ливийн томоохон хотуудад Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, олон мянган иргэн жагсч байгаа юм. Цагдаа, хүчнийхэн жагсаалыг тараахын тулд хүч хэрэглэсний улмаас мөргөлдөөн үүсч, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин