Түрэгийн үеийн соёлын өвийг хамтдаа хамгаална
2015-05-27

Монгол улс, Турк улстай хамтран Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамтран хамгаалахаар болжээ.

 

Тодруулбал, өчигдөр   БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 

Энэ үеэр Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон  "Шороон бумбагар"-ын олдвор буюу  эртний Түрэгийн үеийн язгууртны бунхант дурсгалт газрыг авран хамгаалах төслөөс танилцуулга хийжээ.



2011 онд нээсэн энэ бунхны хананы зарим хэсэгт мөөгөнцөр үүсч газрын хөрсөн дээр зурсан 1300 настай зурагнууд бүдгэрч эхэлсэн байна. Тиймээс авран хамгаалах ажлыг даруй эхлүүлэх шаардлагатай болоод байгаа юм.  Одоогийн байдлаар бунханаас олдсон алт мөнгөн эдлэл  болон ховор сонин баримал эртний зоос тэргүүтнийг Хар хорины музейд хадгалж байна.Мөн бунхант булшийг авран хамгаалах сендвичин барилгыг  барьжээ. Цаашдаа  ханын зургийг бүтнээр нь хуулж авах, "Шороон бумбагар"-ын цогцолбор газарт музей байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.     
 
   
 
Орхоны хөндийд байрлах "Шороон бумбагар"-ын ойр орчим үүнтэй  ижил төстэй  10 орчим булш байгааг  судлаачид тогтоогоод байгаа юм байна. Хар хорин, Өгий нуур зэрэг аялал жуулчлалын бүс нутагт ойрхон байршилтай учир цогцолбор хэлбэрээр хөгжүүлж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин