Шахааны дарга
2015-05-28

Шахааны дарга нар төрийн ажлыг гацааж, өөрсдөдөө болон өсөн дэвжих замыг нь засч өгсөн дарга нартаа ч тун базаахгүй байдал үүсгэж эцэст нь “өөрийн хүсэлтээр” ажлаасаа халагдацгааж байна. Шахааны дарга нарын маапаан Гадаад хэргийн яаман дээр хэдэн сар бужигнуулсны эцэст уржигдархан нэг юм хоёр яс салж амарсан. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр долоо хоногийн өмнө “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо “Манай яамны ажил Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын асуудлаас болоод гацаад байна” хэмээн шулуухан мэдэгдэж байсан.



Тэгвэл Монгол Улсын Гадаад хэргийн яамны ажлыг гацаагаад байсан Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нь УИХ-ын даргын толгойлдог фракцын гишүүний хувиар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар “нисч” ирснээр АН доторх фракциудын зөрчлийг хурцдуулж орхижээ. Эцэст нь их дээрээс “татгалзах аргагүй тулгалт” сонсож, өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн “гарын хүн” Л.Пүрэвсүрэн сайдад халагдах өргөдлөө өргөн барьсныг Засгийн газрын хуралдаанаар яаравчлан ёсчлон гүйцэтгэв. Шахааны дарга нарын асуудал ганцхан эрх баригч АН-д байхгүйд л өнөөдрийн Монголын улс­­төрийн эмгэнэлт, инээдэм оршиж байгаа юм. Засгийн газрын хамтран байгуулж, наашаа харж инээн цаашаа харж ярвайсаар анхны хүчтэй хуй салхинаар нуран унах нь тодорхой тун ч эмзэг овоохойгоо шовойлгосон МАНАН-гийн өнөөдрийн зовлон нь шахааны дарга нарынх нь асуудал болчихоод байна.



Шахааны дарга нарын асуудал тун удалгүй бүр ч өндөр авч, Үндсэн хууль зөрчсөн хэргээр Ерөнхий сайд нь ч буруутаж болзошгүй болоод байгаа. Учир нь хэд хэдэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нэртэй, шахааны нөхдийг эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй Төрийн албаны зөвлөлөөр оруулалгүй дур мэдэн томилсон нь ийнхүү Б.Болдбаатар даргын асуудлаар эхлээд байгаа юм. Одоо удахгүй дараагийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын “шахааны томилгоо”-ны асуудал дэгдэх нь тодорхой болоод байгаа. Хамгийн сүүлд сонсогдож байгаа мэдээллээр гурван ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын зүгээс “Хамтарсан Засгийн газар ганц, хоёрхон сарын настай болчихлоо. Зоригтойхон амжуулах ажлаа амжуулчихаад учраа олъё” гэсэн шүү юм ярьж, нөгөөх ажлуудаа ч эхлээд байгаа бололтой. Шахааны дарга нар ганцхан Төрийн нарийн бичгийн дарга нарын хэмжээнд байгаа гэвэл алдас болно. Яамдын дэд сайд нар гэж жинхэнэ том гарын шахааныхан сууцгааж байгаа.



Өнөөдөр дэд сайд нэртэй тэгдээр шахааны дарга нар бараг бүгдээрээ 2016 оны УИХ-ын сонгуульд тоосоо өргөж, тостой тогоонд хошуу дүрэлцэхээр том санаа агуулж яваа гэхэд огтхон ч хэтрүүлсэн болохгүй. Тэдгээрийн толгойд МАН-аас аз од нь шовойж өнөөдөр дэд сайд гэсэн даруухан нэртэй ч давгүй эрх мэдэлтэй шахааны дарга нар шоволзоцгоож байгаа. Сүүлийн үед асуудал шийдэж, эцсийн гарын үсэг зурах эрхгүй ч олон асуудалд санаатай, санамсаргүй хутгалдах болж, хилийн дээс даван нисч хөрш зэргэлдээ болон улс дамнасан гэрээ хэлцэлд оролцох болсон шахааны дэд сайд гуай нар тун ч идэвхтэй болоод байгаа.


Магадгүй МАНАН-тсан Засгийн газар тун бага настай болсныг зөнгөөрөө болон зүй тогтлоор нь мэдэж, мэдэрчихээд тийнхүү ихэд хичээнгүйлэн гүйлдээд байхыг ч үгүйсгэхгүй. Шахааны дарга нарын бас нэгэн томоохон төлөөллүүд бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар гэдэгтэй маргах хүн байхгүй. Хоёр, гурван төрд нүүртэй агентлагийн дарга нар нэгээс нь хөөгдөх шахуу явснаа тун удалгүй шал өөр үүрэг, зохион байгуулалттай агентлагийн дарга болчихоод өнөөдөр малилзаад л явж байгаа. Чухамдаа тийм даргыг “Агентлагийн даргын нүүрний баясгалантай эр” хэмээн цоллож болно.



Урьд нь үр тариа, төмс хүнсний ногоо ярьж явсан нэгэн дарга засаг солигдонгуут “нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж” гэсэн шүү юм яриад шал өөр яаманд нисээд оччихсон явааг харсан хүмүүс “Аргагүй л хоёр төрд нүүртэй нөхөр юм” хэмээн арга ухаан, шахаанд багтах аз хийморийг нь гайхаж шогшроод байх юм билээ.



Ер нь тэгээд өнөөдөр Батлан хамгаалахын сайд хийж суугаа нөхөр маргааш Эрүүл мэндийн яамны сайд болчихсон тууж явахыг харах ховорхон, хосгүй тавиланг Монголд л харах боломжтой. Хамгийн эмгэнэлтэй нь шахааны дарга нар чимээгүйхэн амиа борлуулж, довоо шарлуулаад гэлдэрдэг гэвэл ёстой л “гонжийн жоо” байдагт хэргийн учир оршино. Тэд шургалсан газар бүрээсээ болж л өгвөл ахиухан хулгайлж, ашиг хонжоо олохыг л бодно. Яагаад гэвэл тэр нөхөр бол очсон газраа хэн ч биш зүгээр л нэг “шахааны дарга” болохоор ёстой л нэг хойд эцгийн царай харуулчихаад арилж одно.



Татварын ерөнхий газар, ИНЕГ, Ашигт малтмалын газар гээд олон газарт шахуулсаар очсон хурган дарга нар хэрхэн хэдэн арван тэрбумаар хулгайлан шамшигдуулж, ханаж цадахгүй идсэнээс “шахааны дарга” нарын үнэн нүүр царайг харж болно. Шахааны дарга нар тухайн салбартаа он удаан жил хэрэгжих, удамшин дамжих шинэ сэргэг ажил хийж, улс эх орныхоо өмнө гавьяа байгуулахыг хүлээвэл хэн хэнийх нь нас хүрэлцэхгүй. Харин түүний оронд аль болох бага хулгайлж, хохирол, хөнөөл нь холуур тойроосой гэдгийг нь л нягтлах, хүлээх нь амьдралд арай ойр. Ийм л нэг “шахааны дарга” нарын алтан үе жинхэнэ утгаараа оволзож байна. Шахааны дарга нар шоволзох алтан үеийг хамтран Засгийн газраа байгуулсан МАНАН гардан хэрэгжүүлж байна. Яагаад гэвэл тэд хэн хэндээ буулт хийж “шахааны дарга” нараа шоволзуулахгүй л бол МАНАН-гийн үүл сарнин алга болж, хурц гэрэлт алтан нар нүд гялбуулан мандах учир тохиролцоо, наймаалцлын алтан үед тодорсон “шахааны дарга” нар ийнхүү оодорцгоож байгаа билээ.



Д.Энхтүвшин



Эх сурвалж:


Shuud.mn
Сонин хачин
zochin:
Huurhii turiin albanii zuvlul, Mongol turiin albiig hamgaalj chadahgui bn u, husehgui bn u? Turiin albiig deeremchdeer duureglee sh de - solongosoos udirduuldag neg sogtuu said baidag gesen, ter n havdartai temtseh ayan geed Khaan banknaas ugdug mungiig hulgailaad solongost suugaa ezendee hurgej ugsun gesen. Ingej l hunii eruul mended zoriulah estoi buhniig idej uuj bn da
2015-05-28
Зочин:
наад сайд болдог улсууд чинь жинхэнэ универсаль шүү дээ. гайхалтай чадвартай. бүх салбарыг мэднэ. юун ванга, юун робот, дэлхий дэргэд нь шившиг болж байна шүү дээ.
2015-05-28