“FIFA”-ийн Дэд ерөнхийлөгч баригджээ

Швейцарийн цагдаа нар өчигдөр дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны удирдлагуудыг баривчилсан билээ. Тэднийг мөнгө угаасан, авилга авсан хэмээн буруутгаж Цюрих хот дахь зочид буудлаас нь баривчилсан юм. Баригдсан хүмүүсийн дунд “FIFA”-ийн Дэд ерөнхийлөгч байгаа хэмээн албаныхан мэдээлсэн байна. Түүнтэй хамт баригдсан таван хүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөр болжээ.
“FIFA”-ийн Ерөнхийлөгч Сепп Блатерийн санаачлагаар холбооны гишүүд Цюрих хотноо чуулж, ирэх оны төлөвлөгөөгөө ярилцахаар төлөвлөж байсан гэнэ. Сепп Блатерийн туслах Цюрих хотноо баригдсан гэдгийг “www.telegraph.co.uk” мэдээлсэн байна.
“ВВС” агентлагийн мэдээлснээр “Баригдсан эрхмүүдийн дунд Дэд ерөнхийлөгч Жеффри Веббээс гадна Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны дарга асан Эухенио Фигередо, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны дарга бөгөөд “FIFA”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэк Варнер, Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Эдуардо Ли нар байгаа” гэжээ.
АНУ-ын “FBI” буюу Холбооны мөрдөх товчоо баригдсан хүмүүсийн оффисийг хааж, ажлын өрөөнөөс нь шаардлагатай материал, нотолгоог цуглуулж эхэлжээ. Тэднийг 1990-2015 оны хооронд ойролцоогоор 100 сая ам.долларын хөрөнгө угаасан гэсэн байна. Энэ баасан гаригт “FIFA”-ийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ