Газраа барьцаалахад сонголт олгоно
2015-05-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

“Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг юм.

 

Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож байна.

 

Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

 

Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

 

Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байна.

 

Иймд, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл, санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх нэг чухал хөшүүрэг болсон хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тухай бие даасан хуулийг боловсруулах асуудал чухлаар тавигдаж байна. Хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засагт нэн шаардлагатай байгаа баталгаажсан хэлцлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үндэс суурь болно.

 

Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулсаар ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгасан.

 

Барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсоноос бусад хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд нийтэд нээлттэй, ил тод, нэгдсэн бүртгэлийн системээр дамжуулан барьцаалагчийн барьцааны эрхийг хууль зүйн дагуу хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна” гэдгийг хуулийн төсөлд боловсруулах үндэслэлд дурджээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Иргэддээ газар өмчлүүлсэн явдал Үндсэн хуулийн дагуу хийгдсэн. Өнөөдөр иргэд бизнес хийхээр зээл авъя гэтэл барьцаалах хөрөнгөгүй байдаг. Иргэд өнөөдөр зах зээлд сурчихаад байхад УИХ нь тэд гэнэднэ гэсэн хандлагаар хандаж болохгүй. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа нь чухал. Иргэдийг зах зээл руу ороход чөдөр тушаа болохгүй байя. Иргэддээ сонголтын эрх чөлөө олгох хэрэгтэй. Сонголтын эрх чөлөө гэдэг агуу зүйл.

 

-Энэ хуулийн төсөл Үндсэн хуультай зөрчилдөөгүй. Асуудал шүүхийн замаар биш эрхзүйн орчноор шийдвэрлэгдэнэ.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжиж байгаа. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зөв хууль. Газартай холбоотой маргаан луйвар их явдаг. Хууль ёсоор газраа шилжүүлчихээд газрын гэрчилгээ нууж авч үлдээд заргалддаг залилангийн хэрэг явж байна. Тиймээс хууль ёсоор шилжсэн үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулах хэрэгтэй. Маш олон орон сууц, эзэмшиж байгаа хүмүүсийн асуудал гарна.

 

-Газар үл хөдлөхтэй холбоотой луйвар явдаг. УИХ дээр хэлэлцүүлэгт явж байгаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хуулиар энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Монгол Улсад байгаа хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, зээлийн эрсдлийг багасгах гэх мэтчилэн олон хүчин зүйл дээр би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Бид УИХ дээр хэлсэн үгэндээ протокол дээр тэмдэглүүлэх хэрэгтэй. ҮХЦ  шүүхийн үгүйсгэсэн, давж заалдах эрхийг зөрчсөн байна гэж унагаад байгаа. Иргэд өөрсдөө гэрээнийхээ эрх чөлөөөний хүрээнд зээл аваад барьцаанд тавиад дараагийн алхмаа хийж байна. Энэ асуудлыг шүүхээр явахгүй гэж байгаа. Үндсэн зарчим адилхан. Гэхдээ Цэц ингэж харахгүй. Шүүхэд иргэн гомдол гаргах эрхтэй энэ эрхийг хязгаарлагдаж байна. Давж заалдах эрхийг хязгаарлаж байна. Дээд шүүхээр шийдвэрлэх эрхийг хязгаарлана байна гэж  ҮХЦ үзээд байгаа.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 

-Байраа хураалгах гээд сандарч байгаа хүмүүсээс судалгаа авсан уу. Ард түмэн зах зээлийн эдийн засагт бид бэлэн биш байгаа. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгөх гээд сандарч яваа хүн ямар ч нөхцөлөөр барьцаалахад  бэлэн байгаа. Би энэ хуулийг батлахгүй байгаасай гэж чинь сэтгэлээсээ хүсч байна.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

 

-Өнөөдөр Монгол Улсын банк санхүүгийн системд 5-6-хан гэр бүл мөнгө хүүлж байна. Нэг талд нь маш өндөр хүү тавсан мөнгө хүүлэгчид, нөгөө талд нь мөнгөгүй ард иргэд байна. Мөнгө хүүлэгчид шууд тулгадаг болохоос сонголт хийлгэдэггүй. Газрыг аль болох түргэн шуурхай эдийн засгийн эргэлтэд оруулаад явж болохгүй. Газар бол улсын үндэс. Мөнгө хүүлж байгаа хүмүүсийн ард ямар хүмүүс байна. Ямар зохион байгуулалтад ороод газрын барьцааг авах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

 

--Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэхдээ хүүхдийн газрын асуудалд анхаарал тавьж байна. Хүүхэд том болох тусам газар үнэд орно. Газар байнга үнэд орж байдаг зүйл. Тийм учраас хүүхдийн газрыг барьцаалахыг хориглох хэрэгтэй. Тусдаа заалт оруулж өгөх хэрэгтэй.

 

Ийнхүү уг хуулийн төслийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 75.5 хувийн саналаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
kkkkkkkkkkkkkk:
dandaaa bussinesuudiig haah ym hiij bhiim daa mongold buren utgaaraaa bussines yvah arga er ni bna uuuuu .
2015-05-28