Хурдны зам барихад 30 мянган ажлын байр бий болно

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн ажилд монгол компаниуд оролцохоор болж өчигдөр “ Чингэс лэнд девелопмент” групп, Монголын авто замчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим санамж бичиг байгууллаа. Ингэснээр зам барилгын ажилд 30 мянган монгол ажилчид гурван жилийн хугацаанд түр ажлын байраар хангагдах боломж нээгдсэн ажээ. “ Мөн төслийг хэрэгжүүлсний дараа амралт, үйлчилгээний цогцолбор, шинэ сууршлын бүсэд 50 мянга хүртэл ажлын байр бий болно” гэж “ Чингэс лэнд девелопмент” группын гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалан санамж бичиг байгуулах үеэр онцолсон. Зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 30 жил ашиглаад төрд шилжүүлнэ. Энэ зам нь зургаан аймгийн 24 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутгийг дайран өнгөрөх 990 км хурдны зам байх юм.
Эх сурвалж: www.polit.mn
Ц.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ