Хот хөгжүүлэх тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай
2015-05-28

Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, дахин төлөвлөлтийн ажлыг хянах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага нийслэлчүүдийн өмнө тулгарч байна. Учир нь нийслэл хотын хөрсний болон агаарын бохирдлын хэмжээ сэтгэл зовоосон асуудлуудын нэг болсон. Иймд гэр хорооллын дахин төлөвлөх ажлын явц, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна.

 

Иргэдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын талаарх мэдээлэл дутмаг. Нийслэлээс тухайн байршилд төсөл хэрэгжүүлэх ганцхан аж ахуйн нэгжийг санал болгодог нь иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байна. Түүнчлэн газар, үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлэх боломжгүй байна. Оршин суугчдын түр зөвлөл байгуулдаггүйгээс төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж иргэдийг төөрөгдүүлэн хоёр  талт гэрээнд газрын үнэлгээг багаар тохиролцохоор тулган шаардах тохиолдол гарч байгаа. Дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа зарим компани тохиролцсон хугацаандаа барилгын ажлаа дуусгахгүй байгаагаас гадуур түрээсээр, ах дүүгийндээ амьдарч байгаа иргэд хохирч байгаа зэрэг иргэдийн зүгээс гаргаж буй гомдол санал  гарч байна” хэмээн онцолсон.

 

 

Уулзалтын үеэр Өргөдлийн байнгын хороны дарга О.Баасанхүү төсөл хэрэгжүүлэгчдийг санал хүсэлтээ бичгээр өргөн баривал байнгын хороогоороо авч хэлэлцье гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хууль эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлээр ажиллана гэдгээ хэллээ. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөл зөвхөн нэг талын буюу иргэдийн эрх ашгийг хөндөж, эрсдэлээ 100 хувь дааж буй компаниудын эрх ашгийг орхигдуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Бээжин хот 1998 оноос хойш нийт 200-гаад мянган айлыг дахин төлөвлөлтөд хамруулсан. Ингэхдээ тухайн газарт хичнээн хэмжээний үл хөдлөх хөрөнгө, хичнээн айл байгаагаас үл хамаарч нэг айлд дунджаар 40 м.кв байр өгсөн байдаг. Харин манайд дахин төлөвлөлтөд орох тухай сонсоод нэг хашаанд байсан айлууд газраа хуваагаад кадастрын зургаа дахин гаргуулж, тэр тоогоороо байр нэхээд эхэлдэг. Иймд газрын хэмжээ болон  үл хөдлөх хөрөнгийн талаар тодорхой тоо хэмжээ заасан зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байв.

 

Түүнчлэн Гэр хорооллын хөгжлийн газар, иргэн, компани гурвалсан гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулаад газрын гэрчилгээг Гэр хорооллын хөгжлийн газар нь хадгална гэж хуульд заасан байгаа. Хэрэв гэрээ байгуулсны дараа газрыг төсөл хэрэгжүүлэгчийн мэдэлд шууд шилжүүлэх зохицуулалт хийж өгвөл газраа эргэлтэнд оруулах боломжтой болно. Мөн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэх ажлын хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл төсөл хэрэгжүүлэгчид ажлаа цааш хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэдгийг барилгын бизнес эрхлэгчид хэлж байлаа.

 

Төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

 

25 хувь нь илүү ашигтай гэрээ хийх гээд төслийг гацаагаад байна

 

“Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн захирал П.Ганзориг: НИТХ-ын хурлаас баталсан журмын дагуу бид гурван шатны шалгуурыг даваад ажлаа гүйцэтгэж байгаа. Эхлээд сарын хугацаанд иргэдтэй уулзан мэдээлэл өгч, нэг өрхөөр 3-4 удаа орж төслөө танилцуулдаг. Үүний дараа айлуудаас тухайн компанийг сонгох эсэх талаар санал асуулга явуулдаг. Санал асуулгаар тухайн талбайд амьдарч буй нийт өрхийн 75-аас доошгүй хувь нь зөвшөөрсөн тохиолдолд НИТХ-аас баталсан маягтын дагуу гэрээгээ байгуулаад, тодорхой хугацаа заагаад ажлаа эхэлдэг.

 

Гол асуудал 75 хувь нь зөвшөөрөөд хоёр тал гэрээгээ байгуулчихлаа гэхэд 25 хувь нь гэрээ байгуулахгүй гээд үлдчихдэг. Тэд илүү ашигтай гэрээ байгуулахын тулд гэрээ байгуулчихсан 75 хувийнхаа “тархийг угааж”, дахин асуудал үүсгэж эхэлдэг. Хэдийгээр 75 хувь нь зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүй 25 хувийг албадаж чадахгүй байгаагаас төсөл хэрэгжилтэд гацаа үүсч байна. Иймд газартай холбоотой асуудал дээр яаралтай хууль эрхзүйн зохицуулалт хийж өгөх шаардлагатай байгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээс өмнө бид БЗД-ийн 14-р хороон дээр судалгаа явуулахад 1 га газар дунджаар 20 орчим сая төгрөгийн үнэтэй байсан. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш газрын үнэ 6 дахин өссөн. Жишээлбэл, манай компани нэг айлын газрыг дунджаар 120-140 сая төгрөгөөр үнэлэн гэрээ байгуулж байгаа. Гэрээ хийхэд нийслэлээс өгч байгаа батламж нь хөрөнгө мөнгөө гаргаад, эрсдэлээ 100 хувь үүрээд төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад төслөө саадгүй хэрэгжүүлэхэд нь баталгаа болгож, дэмжлэг үзүүлнэ гэж байгаа ч бодит байдалд баталгаа болж чадахгүй байна.

Манай компанийн тухайд өнгөрсөн жил 432 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан, энэ жил мөн 432 айлын орон сууцыг ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. “З” блок цуцлагдаагүй бол нэлээн том бүтээн байгуулалтын ажил эхлэх байсан. Иргэдээс гомдол гарсан учир батлагдахгүй хагас жил болж байна.

 

Шинэ технологи нэвтрүүлж, 1000 айлын орон сууц барих нь илүү ашигтай

 

“Бэрэн” ХХК-ийн захирал н.Эрдэмбаяр: Манай групп Сүхбаатар дүүргийн 7-р хорооны бүтээн байгуулалтад оролцож байгаа. Хот дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгч 36 компани нэгдэж, холбоо байгуулсан. Энэ удаа би компани гэхээс илүүтэй холбоогоо төлөөлж үг хэлмээр байна.

 

Нэгдүгээрт, хууль эрхзүйн орчин дутмаг байна. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй харилцааг одоогоор журмаар зохицуулж байна. Гэтэл хуулийг давсан журам байж болохгүй гэдгийг хаа хаанаа хэлээд байгаа. Иймд Хот хөгжүүлэх тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаа. Энэ хууль яригдаад хоёр, гурван жил өнгөрлөө.

 

Хоёрдугаарт, стандартын асуудал байна. Манай стандарт маш хоцрогдсон. Бид шинэ техник технологи нэвтрүүлмээр байна. Дулааны болон бохирын хангамж муу, цэвэр усны гачигдалтай. Энэ бүгдийг барууны дэвшилтэт технологиор шийдвэрлэх шаардлагатай байгаа.

 

Гуравдугаарт, дахин төлөвлөх төсөл дундаас урт хугацаанд хэрэгжих ёстой. Компаниудын хувьд төсөлд хамрагдаж буй айл өрхүүдийн орон байрны түрээсийг төлж байгаа. Нэг биш 100 айлын түрээс. Энэ нь төсөл хэрэгжүүлэх компаниудад маш их дарамт үүсгэж байна. Бид арилжааны банкнуудаас богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авдаг. Иймд зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах асуудлыг шийдвэрлэж өгөөч.

 

Дөрөвдүгээрт, дэд бүтцийн хангамжийн асуудал. Улаанбаатар хот дэд бүтцийн хангамжаа дийлэхгүй болчихоод байгаа. 20 давхар барилга барья гэхээр “тийм боломж байхгүй. Наанаа зургаа эсвэл долоон давхар барилга барь” гэдэг. Алслагдсан байршлуудад дулаан хангамжийг уурын зуухаар шийдвэрлэ гэх жишээтэй. 100 айлын газар чөлөөлчихөөд, 300-400 айлын орон сууц барих нь компанид ашиггүй. Үүний оронд шинэ технологи нэвтрүүлээд, орон сууцаа өндөрсгөөд 1000 айлын орон сууц барих нь хэн хэндээ ашигтай. Газраа чөлөөлж өгсөн иргэддээ ч илүү талбайтай орон сууц өгөх боломжтой болно.

 

П.Наран        

Shuud.mn
Сонин хачин