Монгол Улс энхийг сахиулдаг топ орнуудын нэг
2015-05-29

Өнөөдөр "Олон Улсын энхийг сахиулах өдөр".

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхи, оролцоог дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах улмаар Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм.



Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

 

БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан, Судан Улсын Дарфур муж, одоог хүртэл хилийн маргаантай бүс нутаг болох Абией муж зэрэг улсад явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй ротоос 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон хүртэл, цэргийн ажиглагч офицероос штабын офицер, холбогч болон зөвлөх офицер, бүсийн командлагч хүртэл байнга гүйцэтгэх үүргийн цар хүрээг улам өргөжүүлсээр байна. Тодруулбал ахлагчаас  генерал хүртэл цолтой цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

 


Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд нийт давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаагаас НҮБ-ын энхийг сахиулах ажилллагаанд 950 цэргийн алба хаагч оролцжээ.

 



Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагссан байна. 200 орноос 30 дугаарт жагсана гэдэг бол төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байна.

 

АНУ-ын “Дэлхийн энхийн санаачилга” хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсад жил бүр 1-4 хүртэл тооны сургалт дамжаа, тухайлбал “НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжаа”, “НҮБ-ын штабын офицерын дамжаа”, “НҮБ-ын ар талын офицерын дамжаа”, “Цэргийн багийн захирагчийн дамжаа” зэрэг дамжаануудад гадаадын болон дотоодын 560 гаруй цэргийн албан хаагч хамрагдсанаас Монгол Улсын 400 орчим цэргийн албан хаагч суралцаж үүнээс 50 орчим цэргийн албан хаагч цэргийн ажиглагчаар, 20 цэргийн албан хаагч штабын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэсэн ба одоогийн байдлаар 15 цэргийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байна.



2011-2013 онд жилдээ 20 цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын болон холбогч, зөвлөх офицероор үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдөр нэг ээлжиндээ 31 цэргийн алба хаагч НҮБ-ын цэргийн ажиглагч, цэргийн зөвлөх, холбогч офицероор, мөн тухайн ажиллагааны Хүчний төв штаб болон секторын штабуудад штабын офицер, бүсийн командлагч зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж буй юм.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энхийг сахиулж байгаа цэргүүддээамжилт хүсье манай монгол цэргүүд мундаг шүү
2015-05-30
дддддддддд:
цэргүүдийнхээ цалинг бүрэн өгөх хэрэгтэй дээ ямар нэг шалтгаан гаргаад хүний хөлс хүчыг сорхоо болимоор юм,бас дарамтлаж явуулхаа зогсоох хэрэгтэй
2015-05-29