Сангийн сайд “Дубай”-н гэрээнд гарын үсэг зурах уу
2015-05-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга  М.Энхболд даргалан явуулж байна. Тэрбээр хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд танилцуулан батлав.

 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү  "Үдээс хойшхи хуралдаанаар Дубайд зурсан гэрээг хэлэлцэх боломжтой болов уу. Энэ гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурснаар баталгаажих юм билээ. Гэтэл Сангийн сайд зураагүй байгаа. Ерөнхий сайд УИХ-ын бүрэн эрхэд халдсан байна. Сайд нарынхаа бичгийг хүчингүй болгосон. Сайд гэдэг нь Ч.Улаан, Д.Ганхуяг гэсэн тухайн үеийн сайд нар. Ерөнхий сайд очиж худлаа амласан болж, бид өрөнд орох юм биш биз. МАН-ын Сангийн сайд гарын үсэг зурахгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ” хэмээн горимын санал гаргав. Үүнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

 

-Өнөөдрийн хурлаар хэлэлцэх 10 асуудлын жагсаалтыг  төлөвлөсөн. Хэрвээ “Оюутолгой”-н гэрээний асуудлаар хэлэлцэх шаардлагатай гэвэл УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно гэлээ.

 

Ингээд хэлэлцэх асуудалдаа орлоо. Хуралдааны эхэнд Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар дээрх хуулийн төслөөр хэлэлцүүлэг явуулж, гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм.

 

Гишүүдийн 73 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин