Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээр хийлээ
2015-05-29

Гэрэл зургийг MPA.MN

 

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээр хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Унгарын хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, унгарын тал Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин гүнзгийрч буйн илрэл болохыг тэмдэглэв. Энэхүү уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон барилгын салбарт түлхүү хөгжүүлэхэд талууд санал нэгдэв.

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчэн байгуулснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчихоор болов. Мөн Гадаад хэргийн сайд нар “Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 


Өнөөдөр 11.00 цагт Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны албан ёсны нээлтийн ёслол болох бөгөөд үүнд сайд нар оролцох юм байна. Бас Унгарын Гадаад хэргийн сайд 14.30 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, хотын дарга Э.Бат-Үүл нартай уулзана.

 

Shuud.mn
Сонин хачин