Оросын эсрэг хоригоо цуцлахыг уриалав
2015-05-29

Францын Ерөнхийлөгчөөр 1974-1981 оны хооронд ажиллаж байсан Валерий Жискар Москва хотноо хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ. Тэрбээр Украины зүүн хязгаарын хямралаас болж олон боломжоо алдаад буй ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг АНУ, Их Британийн удирдлагуудад уриалсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Жискар “ОХУ-д хориг тавьснаар олон орон эдийн засгийн хувьд уналтад ороод байна. АНУ хүртэл хүнд байдалд ороод байгаа. Мэдээж хэрэг хориг тавьж буй улсуудад хүнд байдалд байгаа бол ОХУ-д ямар хэцүү байгаа нь тодорхойгүй. Энэ улсын эдийн засгийн уур амьсгал хэдэн сарын өмнөөс шүрүүсч, иргэдэд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Одоо ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засаг болон бусад хоригоо цуцлах хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч асан Украины хямралын асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрбээр “Украинчууд хэн нэгнийг хардаж, хэн нэгнээс тусламж авахгүйгээр хямралаа гатлах хэрэгтэй. Дан ганц ОХУ-ыг буруутгах нь зохисгүй хэрэг. Бодит байдал дээр Украинчууд Оростой бус хоорондоо байлдаж байна. Украиныг хамгаалах нь зөв ч Оросын ард түмнийг хохироох учиргүй” хэмээжээ.

 

Францын өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн хоёрдугаар сард Путинтэй уулзах үеэрээ Парис Москвагийн хамтын ажиллагааг сайжруулах хүсэлтэй буйгаа мэдэгдэж Обама, Камерон, Меркел нарыг Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлахыг шаардаж, хориг үзүүлж буй “Олон улс” холбооноос гарсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины нөхцөл байдал ширүүсч буй учир ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо нэг жилээр сунгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин