Хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
2015-05-29

Онц байдлын тухай болон Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр  боллоо.

 

Уг хуралдаанаар “Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн нь, мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.

 

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их хурлын 2015 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин