Эрчим хүчний үнийг сул тавихгүй
2015-05-29

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх эсэхийг шийдэж  байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Эрчим хүчний сайд Д.Зоригт хариулж байгаа юм.

 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Мега төслүүдийн хэрэгжилт бага байгаа нь юутай холбоотой вэ? Бид жилд импортоор 20 сая ам.доллартай тэнцэх эрчим хүч авч байна.  Бид жил бүр “Оюутолгой”-гоос 100 сая эрчим хүч авч байгаа. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбар 60-70 тэрбум  төгрөгийн алдагдал хүлээж байна. Эрчим хүчний салбарыг сэргээвэл санхүүгийн салбарыг сэргээх том боломж гэж бодож байна. Энэ асуудал бодлогын баримт бичигт яаж туссан бэ?

-Эрчим хүчний салбарыг төр бодлогоороо зохицуулна. Эх үүсвэр цаашдаа төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийг хангахаар зорьж байгаа. Энэ салбарт хувийн хэвшил давамгайлсан байна гэж төлөвлөсөн. Энэ үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор төрийн өмчийн тодорхой хэсгийг хувьчлах, олон нийтийн хяналтад аваачих шаардлага байгаа. Томоохон мега төслийн барилга байгууламжийг барих асуудал хангалтгүй явж ирсэн, 5 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь хөрөнгө санхүүтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын орчин нь шаардлага  хангахгүй байна. Эрчим хүчний үнэ  алдагдалтай. Өнөөдөр 144 кВт/цагаар эрчим хүч үйлдвэрлэж, 22 кВт/цагаар худалдаж байна. Одоо ТЭЦ-V, Багануур, Эгийн голын цахилгаан станцын бичиг баримт үр дүнтэй явж байна.

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Малчин өрхийг эрчим хүчээр хангана гэжээ.  Хувийн хаус, аж ахуйн нэгж өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэгч болсон шүү дээ.

-Бид үе шатаар нь төлөвлөн оруулсан. Эрчим хүчний салбарын хөгжилд нар, салхины эрчим хүч чухал нөлөөтэй. Үнэ тариф биш эрхзүйн тогтвортой байдал чухал. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг өргөн барих гэж байгаа. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухайд урамшуулал, дэмжлэг чухал байгаа. Гадаадаас сэргээгдэх эрчим хүчний технологи оруулж ирэхэд гаал тарифийн хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг чухал байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Өнөөдөр би энэ салбарын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа юм. Гарч байгаа үр дүн нь Улаанбаатар тоггүй байна. Нийтийг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл гараагүй байхад бүхэл бүтэн хот нь цахилгаангүй болоод. Сүүлдээ нисч яваа шувуунд буруу өгөөд. ДЦС барина гэж яриад байдаг үлгэр нь дуусдаггүй, цахилгаан станцын шинэчлэл нь бизнесийн тойрон хүрээлэгчдээр хүрээлүүлчихсэн. Яагаад энэ салбарын бодлого явдаггүй юм бэ?

-Энэ салбарт тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэх талаар тусгасан. Олон жил яригдсан хөтөлбөр  бодлого хэрэгжээгүй явж ирсэнд асуудал байгаа. Энэ оны хоёрдугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл ажлын хэсэг гэрээ хэлэлцээр дээр ажиллаж байна. Томоохон станцууд  барих нь цаг хугацаа их шаардагддаг юм байна. Төсөл хэрэгжүүлэх явцад Засгийн газрын бодлого өөрчлөгдөж ирсэн нь маш их хохирол учруулдаг юм байна. Үүнийг Эгийн гол, Багануур, ТЭЦ-V-ийн асуудал дээр харагдаж байна. Аваар осол гарахад аюулгүйн нөөц байхгүй байна. Монголын валютын урсгал эрчим хүчний төлбөрт урсаж байгаа юм.

 

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Үнэ тарифын тал дээр ямар бодлого баримталж байгаагаа тодорхой хэлэхгүй юу? Шөнийн үнэ тарифт өөрчлөлт орох уу?

-Үнэ тарифын хувьд Эрчим хүчний хуулиар тогтолцоо, хэрхэн яаж бүрдэх, ямар зарчим дээр тулгуурлах талаар сайн тодорхойлж өгсөн байдаг юм билээ. Үүнийг бид бодлогын баримт бичигтэйгээ уялдуулна. Эрчим хүчний үнэ тарифийг сул задгай тавих бодлого байхгүй.

 

Ийнхүү гишүүд асуулт,  тавьж саналаа хэлж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин