“Хүүхэд зорчиж байна” наалт наагаарай
2015-05-29


Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч нарт автомашин дээрээ “Хүүхэд зорчиж байна” наалт наахыг уриаллаа.

 

Монголын залуучуудын холбоо, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар хамтран “Хүүхэд зорчиж байна” аяныг санаачлан хэрэгжүүлж байсан. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 20 хүртэл хэрэгжүүлсэн аяны хүрээнд гурван төрлийн наалтыг автомашин дээр байрлуулж, сошиал медиагаар сурталчилгаа хийсний дүнд зам тээврийн осол өмнөх үеийнхээс 16.4 хувиар буурсан байна.

 

Сурагчдын хичээл, цэцэрлэг амарсан энэ улиралд зам тээврийн осол ихэсдэг тул энэхүү аянг дахин үргэлжлүүлэхээр болсон байна.

 

Тиймээс аяны хүрээнд “Жолоочдыг аянд нэгдэж автомашин дээрээ “Хүүхэд зорчиж байна” наалтыг наах”-ыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриаллаа.

 

Дашрамд, оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Мөн 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалж амь насаа алдсаны 27 хүүхэд нь хөдөө, орон нутгийн замд зорчиж яваад амь насаа алдсан байна. Зуны амралт болж аялал зугаалга нэмэгдэж хөдөө орон нутагт зорчих зорчигчдын тоо нэмэгддэг  байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин