Т.Ариунаа: Элэг бүтэн амьдрал хамгийн чухал

Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаатай сүүлийн үед оролцож буй хүмүүнлэгийн ажил, уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Та өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийн үүргээ үргэлжлүүлэхээр боллоо. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
-Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд 2001 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн сантай тасралтгүй хамтран ажилласан. Харин 2006 оноос хамтын ажиллагаа маань бага зэрэг зогсоги байдалд орсон. Учир нь би уран бүтээлч хүн учраас уран бүтээлдээ түлхүү анхаарсан гэх үү дээ. Тэгээд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнестэй НҮБ-ын Монголд үйл ажиллаагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн үеэр уулзалт хийж, цаашид хийх ажил, үзэл бодлоо хуваалцсан. Энэ үеэр Роберто Бэнес миний санал санаачлагыг их сайхан хүлээн авч, хамтын ажиллагаагаа дахин шинэ шатанд гаргаж, хүмүүнлэгийн ажилд хамтдаа зүтгье хэмээн надад санал тавьсан. Энэ саналд би дахин “За” гэж хэлсэн. Яагаад гэвэл хүүхдийн төлөөх үйл ажиллагаа маань дуучны ажлаас дутахгүй сайхан санагддаг.
-НҮБ-ын элч дуучнаар дахин хоёр жил ажиллахаар боллоо. Хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-“Анхны тэврэлт” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах тал дээр хамтран ажиллана. Учир нь нярай хүүхдэд нэн шаардлагатай тусламж, чанарыг сайжруулах юм. Тодруулж хэлбэл, төрөх эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа хуучин арга барилаасаа салах хэрэгтэй болж байгаа юм байна.
Хөтөлбөрийн хүрээнд шинэ хүнээ өлгийдөж буй эцэг эхчүүд, залуу гэр бүлүүдэд зориулж, мөн төрөх эмнэлгийн эмч нарт сургалт, сурталчилгаа хийхээр болж буй юм. “Анхны тэврэлт” хөтөлбөр өнөөдөр Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт бүрэн утгаараа хэрэгжиж байгаа. Монгол улсад нярайн нас баралтын 75 хувь нь төрсний дараах эхний гурван хоногт энддэг гэсэн тоо баримт бий. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Нярайн дутуу төрөлт, бүтэлт, халдвар гээд асуудал их байдаг.
-Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн ямар ямар томоохон ажил хийсэн бэ?
-Би 2007 онд “Ариун сэтгэл” сангаа байгуулаад удаагүй байхдаа Хавдар судлалын төвд очиж, тэнд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд амьдрах итгэл, сэтгэл санааны дэмжлэг, дэм үзүүлдэг байсан. Дараа нь рок попынхонтойгоо хамтарч хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт удаа дараа зохион байгуулсан байдаг. Хандивын мөнгөөрөө хэд хэдэн хүүхдийн шаналж буй өвчнийг анагаах, эмчлэхэд нь тусалсан. Хэдийгээр хандивын тоглолт гэж жижиг сонсогдож байгаа боловч хүний амь аварна гэдэг чинь маш том үйлс шүү дээ.
-Та саяхан Японд тоглолтоо хийгээд ирсэн. Ойрын үед гадагшаа явж тоглолтоо хийх үү?
-Миний хувьд гадаад амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ тэр бүр уулзаад байж чаддаггүй. Ойр ойрхон очиж тоглолт хийх боломж олддоггүй. Гэр бүлгүй ганц бие байхад байнгын аялан тоглолт хийгээд явж болдог байсан. Харин одоо айл гэрийн эзэгтэй, эхнэр хүний, эх хүний үүргээ ухамсарлаад тэр бүр гадаад, дотоодод явж тоглолт хийгээд байх боломжгүй болсон. Хөвгүүд маань яг шилжилтийн насандаа байна. Тэдэнд ойр байх, тэдэнд хайраа өгөх нь хамгийн чухал асуудал болчихоод байгаа. Нийгмийн сүлжээ хурдацтай хөгжиж буй энэ үед хүүхдийн хөгжил ч маш хурдацтай байна. Бид нар хүүхдийнхээ хөгжлийг гүйцэхийн тулд тэдэнтэйгээ ойр байж, хамт зэрэг алхах хэрэгтэй болж байна.
-Хөвгүүд хэдэн нас хүрч байна?
-Том хүү маань 21 настай. Бага нь 15 настай. Яг шилжилтийн насандаа байгаа. Эднийгээ харж хандаж, зааж зөвлөж байхгүй бол болохгүй байна. Хэдийгээр би эх хүн болоод багагүй хугацааг үдсэн ч, надад мэдэхгүй чадахгүй зүйл их тохиолддог. Амьдралаас алхам тутамдаа суралцаж байна.
-Өнгөрсөн жил тантай уулзахад, дуулж эхэлсний 30 жилийн ойгоо тэмдэглэнэ гэж байсан. Хэзээ тэмдэглэхээр төлөвлөж байгаа вэ?
-Харин тийм. Миний сонсогч, фенүүдэд нэлээд хүлээлт үүссэн гэдгийг саяхан Японд явж байхдаа илүү их мэдэрлээ. Мөн миний цахим хуудаснаа үлдээж байгаа сэтгэгдэлд “Тоглолтоо хийгээч, та үлдчихлээ” гэсэн үг маш олон байсан. Гэтэл юм гэдэг санасанаар болдоггүй юм байна. Өнгөрсөн жил яг өдийд хөлийнхөө ясыг хугалсан. Эхний ээлжинд үүнийгээ эдгээх шаардлагатай боллоо. Сар гаруйн өмнөхөн хөлөндөө хадуулсан 15 хадаасаа авахуулсан, физик эмчилгээ хийлгэж байгаа. Буцаад хэвийн байдалдаа ороход хугацаа хэрэгтэй, тайзан дээр гурван цаг орчим зогсох хэмжээний болсон цагтаа уран бүтээлдээ ор гэдгийг эмч нар маань надад сануулсан.
Ямартаа ч энэ зун рашаан сувилалд явж хөлөө эмчлүүлээд уран бүтээлийн тоглолтоо хийх болно. Үзэгч фенүүд маань намайг хүлээнэ гэдэгт итгэж байна.
-Таныг саяхан твиттерт нэгдсэн гэж сонссон. Хэр олон дагагчтай болж байна вэ?
-Ер нь одооноос л нийгмийн сүлжээг ашиглаж эхэлж байна. Твиттерт албан ёсоор нээсэн юм байхгүй. Манай фенүүд чинь их буянтай шүү дээ. Би фэйсбүүкт хуудас нээгээгүй байхад миний нэг үнэнч фен жил гаруй ажиллуулаад саяхан надад албан ёсоор хүлээлгэн өгсөн. Лайк энэ тэрийг худалдаж авдаг юм гэсэн. Манай хуудас бол үнэн шударгаар явж байгаа. Одоогийн байдлаар 62 мянган дагагчтай болсон байна. Би өөрийн хуудсаа аль болох гэгээн зөв талаас нь хүмүүст хүргэхийг зорьдог.
-Гэр бүлийн хүн тань асуудалд ороод багагүй хугацааг үдлээ. Энэ асуудлын талаарх үнэн зөв мэдээллийг манай уншигчид таны амнаас сонсохыг хүсч байгаа байх.
-Анхан шатны шүүх хурал болоод бид дараагийн шатны шүүхэд нь давж заалдсан. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг гэмт хэргийн бүлэглэлгүй, гүтгэсэн гэсэн асуудлын хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр буцаасан байгаа. Анхан шатны шүүх хурал дахин болно. Бид хүлээж байгаа.
Би нэг л үнэн юмыг хэлье. Г.Буяндорж бол миний хань. Би ханьтайгаа 19 жил хамт амьдарч байна. Ханийнхаа амьдрал, бизнесийн түүх, түүнийгээ бүтээн босгосон гээд бүх зүйлийг гэр бүлийн хүнийнх нь хувьд би мэддэг. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ гэдэгт би итгэж байгаа. Бид нар монголын хууль шүүхийн байгууллага асуудлыг шударга шүүнэ гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл хүлээцтэй, тэвчээртэй байгаа.
Шүүхээр эцсийн шийдвэр гарах хүртэл миний хань Г.Буяндорж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй гэсэн. Бүх зүйл шийдэгдсэн тохиолдолд албан ёсоор гарч ирэх байх.
-Батлан даалтад байгаа юу?
-Тийм. Бүтэн жил шоронд хоригдох хугацаандаа эрүүл мэндийн байдал нэлээд муудсан. Элэг цөс, бөөрөө эмчлүүлж байгаа. Гэхдээ би үүнд сэтгэлээр унахгүй байгаа. Хүний амьдралд эрүүл энх, элэг бүтэн амьдрал их чухал байдаг юм байна.
-Г.Буяндоржтой холбоотой асуудал дэгдэх үед таны унаа, танай гэр оронг тэр чигт нь битүүмжилсэн гэж байсан. Энэ хэвээрээ байгаа юу?
-Үгүй. Тухайн үед бүх зүйл зэрэг болсон. Би бол үүнийг зохион байгуулалттай, хэн нэгний захиалгаар зориудаар хийсэн ажил гэж боддог. Энэ асуудлыг яг одоо дэлгэрэнгүй яримааргүй байна. Цаг нь болохоор манай гэр бүл та бүхэнд мэдээлэл өгөх болно.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ