Өмнөх оны шалгуулагч БҮТ-өөс эрхийн бичиг авна
2015-06-03

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ сэдвээр Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан н.Төгөлдөрөөс тодрууллаа.

 

-ЭЕШ өгөхөөр хэдэн хүн бүртгүүлсэн бэ. Бүртгэлийн үеэр ямар нэгэн асуудал гарсан уу?

-20450 шалгуулагч шалгалтад орохоор бүртгүүлээд байна. Ямар нэгэн ноцтой алдаа гарсангүй. Шалгуулагчдын нийтлэг гаргадаг буруу зураг оруулах, бүртгүүлэхдээ хувийн мэдээлэл дутуу өгөх зэрэг алдаа гарч цаг тухайд нь засуулсан.

 

-Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авсан. Нийт хэдэн шалгуулагч өгсөн бэ. Огт тэнцээгүй шалгуулагч байгаа юу?

-Гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсон. Үүнээс 18200 нь тэнцсэн. Харин дахин авсан 4 дүгээр сарын 25-ны шалгалтад өмнөх шалгалтад тэнцээгүй  3293, шинээр нэмж бүртгүүлсэн болон өмнөх шалгалтанд ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2170 шалгуулагч бүртгүүлсэн байсан.

 

-ЭЕШ-д орох эрхийн бичиг, суудлын хуваариа хэрхэн авах вэ?

-ЭЕШ-д орох эрхийн бичгийг шалгалтаа хотод өгөх өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс, орон нутагт өгөх шалгуулагчид шалгалт өгөхөөр сонгосон аймгаасаа  6 дугаар сарын 15-ны дотор очиж авна. Харин энэ онд төгсөж байгаа шалгуулагчид өөрийн төгсөж буй сургуулиасаа авах юм. Суудлын хуваарийг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn хаягаар нэвтэрч ороод шалгуулагч өөрөө хэвлэж авна. Мөн өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ БҮТ-д ирж тамга дарж, гарын үсэг зуруулна.

 

-ЭЕШ-д орохдоо юу анхаарах вэ. Шалгуулагчид ямар алдаа гаргадаг вэ?

-Цаг барихгүй байх, бичиг баримт дутуу авчрах гэх зэрэг нийтлэг алдааг гаргадаг. Үүнийг анхаарах хэрэгтэй.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг танилцуулж байна.

 

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин