Цэнгэлдэхийг хиймэл зүлгээр зүлэгжүүлж байна

Жил жилийн наадам өнгөтэй дэлгэр сайхан болдог. Мэдээж зарцуулж буй төсөв хөрөнгө нь жилээс жилд нэмэгдсээр байгаа учраас өмнөх жилээсээ сайхан л болох ёстой. Тэгвэл энэ жилийн наадамд зориулж 3 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Хямралтай үед их л хөрөнгө зарцуулж наадах гэж байна хэмээн шүүмжлэл аль хэдий нь өрнөөд эхэлчихсэн. Гэхдээ энэ удаа төсөв хөрөнгийг бус харин Төв цэнгэлдэх хүрээлэнд өрнөж буй бүтээн байгуулалтыг шүүмжлэх гэсэн юм.
Цахим хуудсаар “Төв цэнгэлдэх хүрээлэнг хиймлээр зүлэгжүүлэх гэж байна” гэсэн мэдээлэл маш ихээр цацагдах болоод байгаа. Хэрвээ цэнгэлдэхийн талбай хиймэл зүлэгтэй болчихвол бөхчүүдийн хувьд барилдахад тун бэрх болно.
Хиймэл зүлэг дээр Монгол гуталтай барилдвал халтирахаас эхлээд хүчийг үзэж барилдахад хэцүүхэн байдал хүргэнэ гэж бөхчүүд халаглаж байна. Гэхдээ арай ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ ногоон дэвжээг хиймэл болгохгүй байлгүй гэсэн найдлагыг тавьж байгаагаа хэллээ.
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд ямар бүтээн байгуулалт хэдхэн хоногийн өмнөөс өрнөж эхэлжээ. Тодруулбал, талбайн хөрсийг тэгшилж, талаас илүү хувийг нь бетоноор бүрхсэн гэнэ.
Дунд сургуулиудын хашаанд хийж гүйцэтгэсэн хиймэл зүлэг бүхий талбайн дор мөн л бетон цутгаж хийж байсантай адил үйл ажиллагаа энд өрнөж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ