Цагдаа, татвар төлөгчийг дарамталсан уу
2015-06-03

Татвар төлөгч, баялаг бүтээгчдийг цагдаагийн байгууллагаас дарамталж, хууль бус үзлэг шалгалт хийдэг гэх агуулгатай мэдээлэл цацагдсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэж байна.

 

Цагдаагийн байгууллагад 2012 оноос хойш татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан 5537 аж ахуйн нэгжийн 1.8 их наяд төгрөгийн хохиролтой нийт 177 эрүүгийн хэрэг шалгагдсан гэж мэдээллээ.


Харин одоогийн байдлаар 732 аж ахуйн нэгжид холбогдох 24 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ба үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийсэн 10, гаалийн албан татвар төлөөгүй 1 хэрэг, бусад 13 нь НӨАТ-тай холбоотой хэрэг аж.


Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр шалгагдаж байгаа хэрэг, зөрчлийг татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авч шийдвэрлэх үүрэг, чиглэлийн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын байдлаар 332 аж ахуйн нэгжээс 18.956.323.461 төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 180.0 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.


Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 175.550.000 төгрөг хүрэхгүй үнийн дүн бүхий хий бичилт хийсэн буюу эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, давхардсан тоогоор 3051 аж ахуйн нэгжид холбогдох /553.112.802.783 төгрөгийн/ үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул захиргааны арга хэмжээ авч нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр аж ахуйн нэгжийн нэрсийг Татварын ерөнхий газарт хүргүүлжээ.

 

Б.Хүлэг


 

Shuud.mn
Сонин хачин