Эм худалдан авах, хадгалахдаа юуг анхаарах вэ
2015-06-03

Зах зээлд худалдаалж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, сэрэмжлүүлэх, иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.

 

Энэ оны эхний хяналтыг дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 43 байгууллага, дөрвөн эмнэлэг, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг хоёр байгууллага, 266 эмийн сан, нийт 315 байгууллагад хийжээ.

 

Ингэхэд хаяг, шошгын зөрчилтэй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.

 

Тодруулбал стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй давхардсан тоогоор 25 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нэрийн, нийт 209 нэрийн 6 562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлжээ. 31 нэрийн эмийг зах зээлээс буцаан татах үүрэг өгч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хураасан байна.

 

Цаашид аюулгүй, чанарын баталгаатай, эм, эмнэлгийн хэрэгслээр иргэддээ үйлчлэхийг эм хангамжийн байгууллагуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. 

 

Зөвлөмж

 

Эмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон эмийг эмийн жорын маягтанд бичүүлж, эмийн сангаас авах

Таны бичүүлсэн эмийн жор зөв маягтанд бичигдсэн, стандартад заасан мэдээлэл агуулсан, гаргацтай, баллаагүй байх

Жоронд бичигдсэн эмийг яаж хэрэглэх талаар эмч, эмийн сангийн жор баригчаас зөвлөгөө авах

Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрхэн хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж буй өвчнөөс хамаарах ба эмчлэгч эмчийн зөвлөгөөг авах

Эмийг хэрэглэх үед харшлын ямар нэгэн шинж илэрвэл эмч, эмийн мэргэжилтэнд мэдэгдэх

Биеийн байдал дээрдэж ямар нэгэн зовиургүй болсон ч эмчийн бичсэн эмийг үлдээлгүй уух

Эм уух цагийг баримтлах

Эмийн сангаас эм авахдаа таны авч буй эм нь дараах мэдээллийг бүрэн агуулсан эсэхийг нягтлан, эмийн сангийн жор баригчаас тодруулах хэрэгтэй

 

Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээ нь дараах мэдэээллийг агуулсан байна. Үүнд:

 

Эмийн нэр /олон улсын болон худалдааны/

Эмийн хэлбэр /шахмал, үрэл, уусмал гэх мэт.../

Эмийн тун хэмжээ, тоо ширхэг  /500мг, 10ш, гэх мэт.../

Эмийн үйлдвэрлэгчийн нэр

Эмийн цувралын дугаар

Эмийг хэрэглэх арга

Эмийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа

Эмийг олгох нөхцөл /жортой эсвэл жоргүй/

Эмийн хадгалах нөхцөл

Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар /Эмийн санд найруулан бэлтгэсэн эмэнд бичигдэхгүй/

         

Эмийг хадгалах горим

 

Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой.

Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах. Энэ нь хүүхэд хордохоос сэргийлдэг

Эмийг өөрийнх /үйлдвэрийн/ нь саванд хадгалах.

Дулаан, гэрлийн нөлөөнөөс хамгаалах.

Гал тогоо, угаалгын өрөөнд эмийг хадгалбал чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг

Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах.

Тодорхой хадгалах нөхцөл заагаагүй бол заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй

Хугацаа дууссан, хугацаа тодорхойгүй, нэр, хаяг нь бүрэн уншигдахгүй эмийг шууд устгах нь зүйтэй юм.

Shuud.mn
Сонин хачин