Дэд сайд газар тариалангийн бүс нутагт ажиллав
2015-06-03

Өнгөрөгч өдрүүдэд ХХАА-н дэд сайд Б.Батзориг газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчидтай уулзсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1160 аж ахуй нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг, тэдний 35 мянга нь  төмс хүнсний ногоо эрхлэгчид байгаа аж.

 

Манай улс сүүлийн жилүүдэд үр тариа, төмс хүнсний ногоогоор  дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй  экспортлох бүрэн боломжтой болсон. Тиймээс илүү ургацаа экспортлож эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг салбарын  яамны зүгээс анхааралдаа авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж.

 

Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжиж, тариалангийн талбайд мал бэлчсэнээр хөрсийг гэмтээхээс эхлээд олон бэрхшээл учирч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор малчдын 80 гаруй хувь нь нэгдэл хоршоонд хамрагдаж, тариалангийн бүсэд мал бэлчээрлүүлэхгүй байх асуудлаар  хамтарсан хэлцэлд хүрч байгаа тухайгаа орон нутгийнхан дэд сайдад хэлжээ.

 

Манай улс нийтдээ 3 сая га тариалангийн бүс нутагтай ч 760 гаруй мянган га- г  ашиглаж байна. Цаашид салбарын яамны зүгээс газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашгийг нэмэгдүүлэхийн тулд тариаланчдаа дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, илүү эрчимжүүлэхэд анхаарах гэнэ. Төв аймгийн Баянчандмань сумынхан 3700 га эргэлтийн талбайтай ч энэ жилийн хувьд 600 га-д  тариалалт хийжээ. 

 

Хэдийгээр эдийн засгийн таагүй нөхцөл байдал газар тариалангийн салбарт нөлөөлж буй ч энэ байдлыг эрсдэлгүй даван туулахын тулд салбарын яам, зарим томоохон компаниудтай хамтран 5 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй техникийн зээлийг тариаланчдад  олгосон нь цаг үеэ олсон арга хэмжээ болсныг тариаланчид онцолсон. Үүний үр дүнд компаниудад  1,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож, найман төрлийн технологи, 2000 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин