Шүүх хурлаа хүлээж 14 хоног хоригдож болохгүй
2015-06-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн байна. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг үндэс болгон УИХ-аас 2012 онд  Шүүхийн тухай хуулийг баталсан байна. Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчлагдаж, улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулжээ.

 

Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6, 11 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Тиймээс  энэ хуулийн төслийг  боловсруулсан байна.Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан болон давж заалдах шатны нийт 78 шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээс санал асуулга авахад дийлэнх хувь нь шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах, цаашдаа энэ тогтолцоог хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн санал ирүүлжээ.

 

Тиймээс нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг 8 Сум дундын шүүхүүдийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар хуулийн төсөлд тус тус тусгажээ.

 

Шүүхийг дагнан, бүсчлэн байгуулснаар шүүхүүдийн харилцан адилгүй ажлын ачаалал жигдрэх, орон нутгийн захиргааны байгууллагаас шүүх хамааралгүй болж, шүүхийн бие даасан байдал хамгаалагдах, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших, шийдвэрийн чанар сайжрах улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно гэж  үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагачид асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-Бүсчлэх асуудлыг болих хэрэгтэй. Иргэд өөрсдөө хүрч чадахгүй байна гэж байсан. Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд л бүсчилсэн байдаг. Шүүгчид сар бүр очиж хуралдах боломж бодит амьдрал дээр байгаа юу? хэмээхэд УИХ-ын дарга З.Энхболд “Хүн нь шүүх рүүгээ биш шүүх нь хүн рүүгээ явахад 151 сая төгрөг жилдээ гаргах гэж байна" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Иргэнийг шүүн таслах ажиллагаа хүртэл нь хорих шаардлагагүй. Иргэнийг хорилгүйгээр шүүн таслах ажиллагаагаар хангаж байх ёстой. Таслан сэргийлэх арга хэмжээний хорьдог аргачлалаасаа өөр хувилбар, албадуудыг сайн ажиллуулах хэрэгтэй.  Оргон зайлах, үгсэн хуйвалдана гэж хорилгүйгээр өөр арга хэмжээ авах ёстой.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Хэлэлцэхийг нь дэмжиж байгаа. Харин тойргийн шүүх байгуулснаар шүүгчийн ур чадвар сайжирна гэсэн ойлголт явж байна. Тойргийн зарчим дээр нь гишүүд  сайн ажиллах хэрэгтэй. Хэрвээ энэ чигээр нь баталвал Цэц дээр очоод унана гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Энэ хууль хаяг солих төдий л байна шүү дээ. Шүүх хурал хийж байгаа хугацаанд хоригдсон хугацаагаар нь тооцдог байх ёстой. Шүүх хурлаа хүлээж 14 хоног хоригдож болохгүй шүү дээ гэж байлаа.

 

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хуулийг шинэчлэх нь сайн хэрэг:
Хуулиас гадна шүүгч, шүүх системээ шинэчлэх хэрэгтэй. 60 000 төгрөгний хохирол учрууллаа гэж хүүхдэд 10 жил чанга дэглэмд ял өгч байгаа сэтгэлгүй, боловсролгүй шүүгч нарыг шүүхээс зайлуулах цаг болсон. Шинэчлэлээ хүнээсээ эхлэж байж ажил урагшлана. хүний аминд согтуудаа хүрсэн ШДЗ ийн даргыг зайлуулж байж шинэчлэл эхлэх ёстой.
2015-06-05
Эрүүгийн хуулийг шинэчилмээр байна.:
Эрүүгийн хуулийн тогтолцоо Монголын нийгмийн амьдралд энэ цэвэрлэх байгууламж шиг хорт аюул дагуулж байна. Жишээ нь 2012 онд 3000 гаруй хоригдолтой байсан Монгол улс 2015 он гэхэд 8000 хол давсан ялтантай, цаашлааад цагдан хоригдож буй хүмүүстэйгээ нийлээд 10,000 хол давсан хоригдолтой боллоо. Хамгийн харамсалтай нь ял эдлэж буй хоригдлуудын 80 нь 35 наснаас доош насны ид хийж бүтээх насны хүмүүс байна. 2000 онд шиэчилсэн Ц.Нямдоржын нэртэй эрүүгийн байцаан шийтгэх хуулиар, хохирол гомдолгүй хүмүүст эрүүгийн хэрэг үүссэн бол ял эдлүүлдэг тогтолцоог бий болгосон нь өнөөдрийн энэ эмэгнэлт байдлыг бий болгоод байна. Залуус амьдралдаа нэг удаа гэнэ алдахад шүүх тогтолцоо нь өрөвч энэрэнгүй хандах ямар ч боломжгүй болоод байна. Тиймдээ ч 10,000 төгрөг хулгайлсан хүүхэд 10 жилийн ял авч байна. Манайд энэ торгуулийн, гэрийн хорионы, хөдөлмөрийн шийтгэлүүдийг бий болгож шоронжуулсан нийгмээсээ салмаар байна. Манай Монгол улсын шорон улс гэж гадныхан бичих боллоо. Энэ бол зүгээр ч нэг хэлсэн з
2015-06-04