“Сайдын цаг”-т Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцлоо
2015-06-04

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  “Төрийн  цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөн Монгол Улсын хувьд нийт иргэдийг эх орноо батлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, засаг захиргааны нэгж, иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бий болгох, цэргийн байгуулал, түүний хөгжлийн чиглэлүүдийг нарийвчлан тодорхойлох ач холбогдолтой гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.  Энэхүү бодлогын баримт бичгийн үзэл санаанд нийцүүлэн батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийн иж бүрэн, цогц байдлыг хангах, хууль эрх зүйн актуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах  зэрэг ажлуудыг хийж байна. 

 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”  хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудыг бие бүрэлдэхүүн, орчин үеийн техник хэрэгслээр бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар бодлого боловсруулж, уул уурхайн олборлолтын ажилд оролцуулах бодлогын шийдвэр гаргахаар Уул уурхайн яамтай хамтран ажиллаж байна гэж сайд хэллээ.  Бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчид оролцсоноор төсөв, санхүүгийн эх үүсвэр бий болгохоос гадна олон нийтийн дунд Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх, цэргийн албан хаагчдад иргэний нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэн бизнесийн салбарт хөрвөх чадвартай болгох, тэдний орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

 

Бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжих арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн жил 500 орчим оюутан хамрагдаж байсан бол энэ жил  оюутан цэргийн тоо нэмэгдэж 1000-д хүрлээ. Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг чухал асуудал болох энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, зургаан оронд манай 1200 орчим цэрэг дайчин үүрэг  гүйцэтгэж байна гэж Батлан хамгаалахын сайд хэллээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин