Яамд “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллана
2015-06-04

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулбал, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК-иуд тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

 

Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар харилцан тохиролцож Санамж бичиг байгууллаа.

 

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоол “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлах тухай”, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” болон хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор талууд төслийн баг байгуулан дараах чиглэлээр хамтран ажиллах аж. Тодруулбал,

 

  • Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлогын хүрээнд зэс хайлах, нүүрснээс шингэн түлш боловсруулах, металлургийн кокс, хагас кокс үйлдвэрлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх

 

  • Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах цахилгаан станцууд, тэдгээрийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгох, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх

 

  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар санал боловсруулах, ордын хил заагийг нарийвчлан тогтоох, нэмэлт хайгуул судалгааны ажил хийх

 

  • Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын санхүү эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт татах, бие даасан, хараат бус, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах боломж, нөхцлийг бий болгох, төрийн өмчит компанийн засаглалын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажилллах

 

  • Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж үр дүнг нь нэмэгдүүлэх зорилгоор тээвэр ложистикийн бүтэц бий болгох, уул уурхайн хөрш орнууд болон гуравдагч зах зээлд үр дүнтэй худалдан борлуулах ажиллагааг олон улсын түвшинд хамтран зохион байгуулах

 

  • Үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх, эрдэс баялгийн боловсруулалт, нөхөн сэргээлт, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах технологийн иж бүрэн судалгаа хийх хавсарга судалгаа, технологи дамжуулалтын төв байгуулах зэргээр хамтрах юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин