Аж үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн хөгжүүлнэ
2015-06-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Гишүүдийн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хариулж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Цагаан хаалганы хэсэг бол Монголын аж үйлдвэрийн комбинат гэж бид хардаг байсан. Хөнгөн үйлдвэрлэлийн парк шиг том том паркуудыг “Оюутолгой”, Тавантолгой зэрэг ордуудад түшиглэн оруулав уу. Уур уурхай түшиглэж хөнгөн үйлдвэрүүдээ хөгжих бодлого орсон уу?

 

-Аж үйлдвэрийн яам байгуулагдаад 6 сар болж байна. Энэ хугацаанд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого боловсруулж оруулж ирсэн. Манай байнгын хороонд хэлэлцээд зарчмын зөрүүтэй 40 орчим санал оруулсан. Хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Сайншандад  аж үйлдвэрийн парк барихаар яригддаг. Гэхдээ ганц хотод паркаар нь барих зарчим төвөгтэй юм шиг билээ. Цементийн үйлдвэрийг “Монполминт” компани барьж, ашиглалтад орох гэж байна. Энэ нь бүс нутгийн анхны парк  юм. Мөн дараа дараачийн үйлдвэрүүд баригдаад явна. Хэрвээ энэ бодлого баригдах юм бол олон асуудал шийдэгдэх юм.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Олон санал хураалт явуулахаар асуудал уначих гээд байдаг. Үүнийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн үү?

 

-Тийм ээ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хуулийн төсөлд зарчмын санал их гарсан. Яам, ажлын хэсэг тодорхой зарчим баримталж байгаа. Санал хураалтын явцад баримталж байгаа бодлогынхоо талара саналаа хэлэх байх.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах гэхээр олон асуудал тулгарсан. Наанадаж ус байхгүй. Харин Бор-Өндөрт аж үйлдвэрийн парк баривал усаар гачигдах асуудалгүй. Дэд бүтэц ч хөгжсөн. Бэрх гээд аж үйлдвэрийн хот үлдсэн байна. Дархан, Эрдэнэт гэж байна. Бидний өвөг дээдэс их сүрхий улс байж. Шинэчлэлийн алдарт Засгийн газар олон туулай хүн хоосон хоцордог гэгчээр хэдэн яам нийлүүлж байгуулаад аль ч үгүй хоцорсон. Одоо шийдлийн Засгийн газрын үед даганасан яам байгуулаад асуудлаа шийдээд байгаа нь зөв байх. Фракц  бүлэглэлийнх нь зөрчил нэгдэхгүй байна.  Саналуудыг харвал асуудалтай зүйл байна.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Төрөөс аж үйлдвэрийн талаар ямар бодлого баримтлахаар яригдсан бэ? Энэ дотор хувийн хэвшил гэдэг үг ширхэг ч алга. Аж үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн хийнэ. Хувийн хэвшил гэдэг нэг ч үгүйгээр төрөөс баримтлах бодлогыг баталвал “зууны онигоо” болно. Мал малчдад байгаа. Өсгөөд авч яваа. Аж үйлдвэрт яагаад хувийн хэвшил байж болохгүй гэж. Эсвэл тогтолцоогоо өөрчилье гэж байгаа юм уу.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин