Туркменистаны Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
2015-06-05

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов 2015 оны 6 дугаар сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж буй өндөр түвшний айлчлал бөгөөд талууд айлчлалд онцгой ач холбогдол өгч, үрд дүнг өндрөөр үнэлэв.

 

 

Айлчлалын үеэр Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Уул уурхайн сайд Р.Жигжидтэй уулзаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийв.

 

Найрсаг, ажил хэргийн уур амьсгалд болсон яриа хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа дээд түвшинд хийгдэх айлчлал, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн холбогдох хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох талаар болон бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.

 

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын комиссыг байгуулахаар талууд тохиров. Түүнчлэн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, хамтарсан бизнес форум, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар шийдвэрлэв.

 

Айлчлалын дүнгээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов нар “Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурав.

Shuud.mn
Сонин хачин