Төв цэнгэлдэхийг 1.2 тэрбум төгрөгөөр зүлэгжүүлж байгаа
2015-06-05

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг хиймэл зүлгээр сольж байгаа юм. Цементэн суурьтай энэхүү хиймэл зүлэгний талаар олон нийт янз бүрийн байр сууриар хандаж, мэдээлж буй. Энэ талаар “Төв цэнгэлдэх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваатай ярилцлаа.

 

-Монгол бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээрээ л бөх барилддаг уламжлалтай. Яагаад төв цэнгэлдэхийн дэвжээг бетонон цутгамал хийж, хиймэл зүлэг тавих шийдвэр гаргасан юм. Энэ нь өнөөдөр асуудал болоод байна?  

-Яахаараа асуудал болоод байгаа юм.

 

-Бөхчүүд зүлгэн дээр л барилддаг. Газрын хөрсөөрөө байх, цементлэх хоёр чинь өөр шүү дээ?
-Хүмүүс хиймэл зүлэг гэж юү юм бэ. Бэртдэг үү, үгүй юү. Хэр зузаан бэ гэдгийг сайн ялгаж мэдэхгүй байна. Ард түмэн ч гэсэн ийм сэтгэгдэлтэй байгаад байна л даа. Хиймэл зүлгийг анх удаа туршиж байгаа зүйл биш. Дэлхийд туршиж үзээд стандартынхаа шаардлагыг хангаж байгаа зүйл.

 

Зүлэг гэдэг нь зургаан см-ийн өндөртэй, түүний 3.5 см-д рапар гэж нэрлэдэг, үүрэмдэг рензин дэвсэгддэг. Үлдсэн 2.5 см дээр нь хиймэл зүлэг дэвсэгдэнэ. Хөлбөмбөг, үндэсний бөх хоёр өөр гэж яриад байгаа. Хөлбөмбөг монгол бөхөөс хэд дахин хурдтай спорт. Хамаг хурдаараа гүйж явахад нь дэгээдээд унагаадаг спорт. Тэр чигээрээ унаад гулсаад л байдаг. Тэр хүмүүс уначихаад бэртэж байна уу. Хэрвээ бэртвэл шаардлага хангахгүй зүлэг байна гээд хориглох ёстой биз дээ.

 

Шаардлага хангахгүй бол ямар ч спортод хориглох нь ойлгомжтой биз дээ. Гэтэл хориглосон зүйл байхгүй л байна. Үндэсний бөх ч ялгаагүй спорт. Тэр утгаараа ийм дэвжээ хийж байгаа юм. Стандартын талбайг ийм л зарчмаар хийдэг. Бид хиймэл зүлэг хийх талаар жилийн өмнөөс ярьсан. Хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдэх гэсээр энэ оныг хүргэчихсэн. Тэгээд л үүнийгээ энэ онд хэрэгжүүлэх гэж байна. Бид нар Үндэсний бөхийн холбоотой холбогдоод бөхчүүдтэй хамт тест өглөө гэдэг мэдээлэл өмнө нь гаргаж л байсан.

 

Манайхан зүлэг гэхээр л цементен дээр бөх барилдах нь, тэгээд унах нь л гээд байна. Мэдээж цементэн дээр барилдвал ямар ч хүн унаад бэртэнэ. Хүн битгий хэл тэрэг техник ч тэсэхгүй. Тийм л учиртай.

 

-Цэнгэлдэхийн дэвжээ бөхийн барилдаан явуулахад стандарт хангана гэсэн үг үү?

-Яахав амьд жинхэнэ зүлэг илүү. Гэхдээ өнөөдрийн нийгэм, манай шаардлагад нийцүүлэхээр болохгүй байна. Намайг Төв цэнгэлдэхийг хувьчилж авчихаад бүтэн жил цоожтой байлгадаг гээд л хэвлэлээр бичдэг. Тийм биш юм. Миний хувьд Монгол төрийн наадмыг өнгө үзэмжтэй, сайхан болгохыг тулд дөрөвдүгээр сараас эхлээд зүлгээ ургуулахаар тордож, арчилж эхэлдэг.

 

Наадам болохын өмнө зүлэг сайхан болсон байдаг. Гэтэл наадмын нээлтэд оролцож байгаа 3000-4000 хүн наадмын өмнөх хэдэн өдөр талбайд гарч бэлтгэл хийхээр нөгөө зүлэг асуудал болдог. Тиймээс энэ асуудлыг 100 хувь шийдэж байна. Нөгөө талаар наадам болтол энэ цэнгэлдэх маань өөрөө аж ахуйн нэгжийн өмч. Улсын төсвөөс санхүүждэггүй. Тэгэхээр наадмын өмнө, дараа үйл ажиллагаа явуулах боломжоо харсан.

 

Нөгөө талаар манай цэнгэлдэхийн зүлэг нь ургахаа байчихсан. Элдэгдэхээр нь ухаж аваад хэсэг хэсгээр нь солидог байсан. Компьютер дээр хийж байгаа ажил биш болохоор дээр доор янз бүр байна. Анх хийхэд тэгшхэн байснаа дээрээс нь жаахан услаад өгөхөөр доошоо суучихдаг. Бөхчүүд яагаад дэвжээн дээр гараад бие биенийгээ дагуулаад алхчихдаг юм. Ах цолтой бөхөө дагаад явдаг ёс жаяг байгаа ч гэлээ зүлэгний хонхор гүдгэрээ хараад л яваад байдаг юм шүү дээ.

 

Маргааш зулын баяр хийх гээд энэ талбай дээрээ  бэлтгэл хангаж байгааг харж байна уу. Сая над руу зул хөөргөх цагийг утсаар асууж байна. Онгоц нисэх цагийг зохицуулна гэсэн. Тэгэхгүй бол зул хөөрөөд онгоцтой таарчихвал яахав гэдэг юм байна. Тайландаас авчирдаг энэ зулын хувьд чанар нь их сайн юм байна лээ. Гэтэл манайхан зул хөөргөх сургаар Эрээн явж ирээд  1000 төгрөгөөр хулхи зул авчирч, энд 2500 төгрөгөөр зарчихдаг. Тэр зул нь хөөрдөггүй буцаж унах аюултай байдаг тул энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүст нь захиж, цагдаатайгаа сайн ярилцаж, гаднах худалдааг зогсоогоорой. Тэгэхгүй бол айл, машин тэргэн дээр буувал асуудал үүснэ шүү гэж хэллээ.

 

Ер нь бол стадион жилээс жилд хөгжиж байна. Өмнө нь гадны хүн дагуулаад ороод  ирэхэд хэцүүхэн л байсан одоо ямар ч байсан сандлаа сольчихлоо. Өнгө зүс оруулж л явна.

 

-Зүлэгжүүлэх ажилд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ. Санхүүжилтээ хаанаас гаргасан юм бэ?
-Улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Зүлэгжүүлэх ажлыг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК хариуцаж, 1,2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна. Нилээн үнэ хөлсийг нь буулгаж байж ийм үнээр зүлэгжүүлэх гэж байна. Тэрнээс биш Монголын хөлбөмбөгийн холбооны талбай шиг хийхэд илүү өндөр үнээр хийлгэнэ. 700 сая төгрөг нь газар шорооны ажилд 500 сая нь зүлэг дэвсэх ажилд орж байгаа.

 

Гадна талын тойрог энэ жилдээ цементээрээ байна. Өмнө нь асфальтан замтай байсан шүү дээ. Дэвжээ 8000 метр кв, гадна тал нь 6000 метр кв. Хэрэв би өөрийгөө бодсон бол зөвхөн зүлэг ногоон дэвжээний хэсгээ л цементлэх байсан. Гэтэл нийт 700 сая төгрөгийн 40 хувь гаднах гүйлтийн замд орсон. Юмыг яаж мэдэхэв, нэг өдөр хөрөнгө мөнгө нь шийдэгдчихвэл гүйлтийн замаа зориулалтын резинэн болгох болчихвол суурь бэлэн байж байг л гэсэн юм.

 

-Улсаас баяр наадмын төсөвт төв цэнгэлдэхийн засвар шинэчлэлд зориулан тодорхой мөнгө төсөвлөдөг. Энэ жилийн хувьд?

-Би энэ жил төв асарынхаа өмнөх фасадыг янзлая, үзэгчдийн суудал дор байдаг цэнгэлдэхийн нийтийн бие засах гурван цэгийг янзлая гээд хүсэлтээ салбар хорооны  комисст гаргасан байгаа. Энэ асуудлыг шийдэж өгөх байх гэж бодож байна. Нэг нийтийн бие засах газрыг 8 сая төгрөг байхаар төсөвлөсөн. Дотроо гурван угаалтуур, эрэгтэй эмэгтэй тус бүр дөрвөн суултууртай байх юм. Стадион анх баригдахад зургаан нийтийн бие засах газар байсан. Гурвыг нь өмнөх жилүүдэд бид өөрсдийн хөрөнгөөр янзалсан. Энэ жил үлдсэн гурвыг нь янзална гэсэн юм. Гадна фасадад харин 85 сая төгрөг төсөвлөсөн.

 

-Цэнгэлдэхийн гаднах талбай танай мэдэлд байдаг. Гэтэл барилга шахаад барьчихсан одоо сагсны талбай ч хашаалсан байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Спортын талбай нь манайх. Энэ талбай бий болсноороо наадамд ямар ч нөлөө байхгүй. Үйл ажиллагаа хэвийн л үргэлжилнэ. Бид сагсны талбайг тусгай хашаагаар хаасан, тэгж байж сагс тоглож байгаа хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж байна. Тэгэхгүй бол машин тэрэг их явдаг.  Хашааг нь нээгээд наадмаа хийдэг. Сүүлийн 2 жил тийм л зарчмаар яваа. Түүнээс биш хашаа татчихаад хэн нэгэн хүн газрыг нь авчихсан асуудал биш. 

 

-Монгол наадмыг Хүй 7 худагт хийдэг болно гэж байгаа. Хэрэв тэр цогцолбор бэлэн болчихвол танайх Төв цэнгэлдэхийг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Монгол наадмын төв цогцолбортой болно гэдгийг монголчууд мэдэж байгаа, хэзээ бэлэн болохыг би хэлж мэдэхгүй юм. Наадмаа тэнд хийдэг болоход Төв цэнгэлдэхийг спортын цогцолбор болгоорой гэдгийг хотын дарга  үүрэг өгсөн. Тэр дагуу л энд спортын төв болгох ажил хийгдээд байгаа юм. Энэ зүлэг гэхэд тэрний л нэг хэсэг. Түүнээс биш цэнгэлдэхийг нураагаад орон сууц барьчих асуудал огт байхгүй.

 

-Наадмын дараа янз бүрийн тоглолтууд болдог. Өмнө зүлэг байхад хүмүүс гарч зогсоод тамхи татаж ишээ хаях үзэгдэл харагдаж байсан. Тэгвэл энэ хиймэл зүлгийг яаж  хамгаалах вэ?

-Ер нь арга хэмжээнүүд болдогоороо л болно. Гэхдээ манай үзэгчид ямарваа нэг юмыг хайрладаг соёлтой байх хэрэгтэй л дээ.

 

-Төв цэнгэлдэхэд өмнө нь мал нядалсан асуудал гарч байсан. Энэ  талаар тайлбар өгөөч?

-Тэр нэг тийм юм болсон. Би үнэнээ л хэлсэн. Хэдэн хонь авчраад нядалсан. Гэхдээ мэдээж гол дэвжээн дээр тийм асуудал болоогүй. Буланд аваачиж нядлаад дараа нь ингэж болохгүй гэдгээ ойлгож буруугаа хүлээчихсэн. Түүнээс биш зүлэг ногоон дэвжээг бүхэлд нь мал нядалгааны газар болгоогүй. Хэн ч гэсэн тэгэхгүй л байх.

 

-Төв цэнгэлдэхээс олсон орлогыг яаж зарцуулдаг юм бэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэн наадмаар асар их орлого олдог гэж ярьдаг, бичдэг. Намайг өдөрт 3 тэрбумын орлого олдог хүн ч гэж бичсэн. Наадамд 2.7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна лээ. Үүнд наадмын орлогоос 370 сая төгрөг олно гэсэн байгаа. Тэр чинь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, гадуур худалдаа эрхлэх зөвшөөрөл, автомашины тусгай зогсоолын орлого зэрэг нийлээд тэр мөнгийг бүрдүүлдэг юм. Тэр мөнгийг бид авдаггүй юм шүү. Хуулиар бол аж ахуйн нэгжид энэ мөнгө нь ороод зарлага нь гараад, үлдсэн цэвэр ашгаас хувь эзэмшигчид хувиа хуваагаад авах ёстой. Гэтэл монгол наадам гэдэг утгаараа надад юу ч орж ирдэггүй, би ч авья гэдэггүй юм.

 

-Тэгвэл та нарт наадам зохион байгуулсанаар ямар ашигтай юм бэ. Яаж орлого олдог юм?

-Монгол төрийн наадам хийж байхад бид нар ашиг харж болохгүй ш дээ. Надад нууж хаах юм байхгүй ээ, би үнэнээ л хэлнэ. Хувь эзэмшигчидээ л 'мөлжиж' байна. Хөл бөмбөгийн талбай болчихвол тодорхой орлого олдог болно.  

 

-Өвлийн улиралд тэшүүрийн хүүхдүүд ирж бэлтгэл хийдэг гэсэн. Тэдэнд мөс тавьж өгөх үү. Зүлэг нь гэмтэхгүй юу?

-Мөс тавих талаар судалж байгаа. Гэхдээ манайх дэргэдээ тэшүүрийн клубтэй. Манай нэг  хувьцаа эзэмшигч тэшүүрийн холбооны ерөнхийлөгч. Төв цэнгэлдэхийн олон Нямдаваагийн нэг. ОУХМ хүн. Тэр хүн энэ асуудлаар яриад л яваа. Хандгайтад л гэхэд тэшүүрийн талбай байдаг. Тэр талбайг судалсан чинь Тэшүүрийн холбооны өмнөх удирдлагууд нь 2000 оноос хойш газрынх нь төлбөрийг төлөлгүй өдий хүрсэн юм билээ. Тэрний төлбөр нь 50 гаруй сая төгрөг болсон байна. Тэр асуудлыг яаж шийдэх вэ гээд холбогдлох байгууллагууд руу нь хүсэлт гаргасан байгаа.

 

Ийм талбайг Эрдэнэтэд байгуулсан байгаа. Нэг жил мөс тавьсан байна лээ. Гэтэл нэг удаагийн мөс тавьснаар хиймэл зүлгээ байхгүй болгочих вий гэдэг талаас нь судалж байна. Гэхдээ бид тэшүүрийн хүүхдүүдийг байнгын байрлуулж бэлтгэлээ хийх боломжоор хангасан. Сагсны талбайн хажууд хоёр давхар спортын клуб гэж байгаа даа. Тэрний гадна талбайд бэлтгэлд хийх боломжоор хангадаг. Харин цэнгэлдэх доторх энэ гүйлтийн талбайг тэшүүрийн хүүхдүүд роликтой бэлтгэл хийхэд нь бэлдэж өгнө. Одоохондоо тоостой байгаа болохоор болохгүй байна. Зүлгээ тавиад гаднах гүйлтийн замаа бүрэн цэвэрлэсний дараа хүүхдүүдийг бэлтгэл хийлгэнэ. Тэгэхгүй бол тоостой зам дээр роликийнх нь дугуй эргэдэггүй юм байна лээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
энхээ:
ӨӨ энэ Нямдаваа гэдэг чинь хогийн гар байна лээ. Зуслангаас хүүхдүүд ирээд зогсоол олдохгүй байхаар нь төв цэнгэлдэхийн зогсоолд буулгах санаатай уулзсан чинь 500 000 төгрөг өгчих тэгээд хүүхдүүдээ буулга гэдэн гар байна ш дээ
2015-06-06
Зочин:
Niisleliin tusvuus mungu n garch bgaa bizdee. Uulen ust ed nartai niilj heden zuun sayiig husaj bgaa n todorhoishdee. Ireh songuuliar AN-s negch hun gargahguigeer sanal uguurei. Muu lalruud uls orniig samarch duuslaa.
2015-06-05
Зочин:
Уул нь жилд ганцхан болдог наадмаа зүлэг ногоон дэвжээн дээрээ хийвэл сайхан юм даа. Одоо хиймэл ногоон пластик дээрээ гэж цоллуулах юм байна л даа. Ер нь бол 3000-4000 мянган хүн холхиход ногоон зүлэг байтугай хиймэ зүлэг ч тэсэхгүй дээ. Зүлгийн бол эргүүлж услаад л ногоорчихно. Улсын төсвийн хөрөнгөөр хийгээгүй гэх юм, мэдээж хэзээ улсын төсвийн хөрөнгөөр хийхгүйштээ. Хотын төсвөөс хийж байгаа гэдгээ ерөөсөө хэлэхгүй хүний толгой эргүүлээд байхын, наамдын төсөв дээр төв цэнгэлдэхийг тохижуулах гээд мөнгө явж л байсанштээ. Наад нисдэг зулаа одоо болиоч ээ. Нэгдүгээрт түймэр гэж нэг аюул байна, хоёрдугаарт ууланд явдаг хүмүүсийн яриагаар уулаар дүүрэн хог болдог гэж сонссон. Зүгээр нисдэггүй зул асааж болдоггүй юм уу. Манайд зул нисгэдэг уламжлал ерөөсөө байхгүйштээ. Зүгээр буяны арга хэмжээ нэрийн доор бизнес хийдэгээ болиоч ээ.
2015-06-05
зочин:
Мөнгөөр тоглож өгөх юм аа. Дундаас нь хэдэн юм цохих гэж дэмий юм хийх юм. Хямарч өлссөн ард түмэн өвс идэх нь л дээ.
2015-06-05
olloo:
ajilaa hiij bgaa humuust dandaa gai bolj medemhiirch heruul hiij bh yumaa, manaihan. zugeer l ajilyg ni hiilgeldee. iim uchiraas l uls hugjihgui bgaa ni sh te. buh yum ni deer heruul hiine
2015-06-05