Хар тамхи хил нэвтрүүлдэг этгээдийг саатуулжээ
2015-06-05

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гар аргаар боловсруулдаг, хууль бусаар хил нэвтрүүлэн оруулж ирдэг, худалдаалдаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

 

Тэд өнгөрөгч сарын 20-ны өдрөөс энэ сарын 2-ныг хүртэлх хугацаанд 21 холбогдогчтой, 10 гэмт хэргийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй юм.

 

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 21 сэжигтний зургаан хүн өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Харин гурав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-ээр /Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах/ ял шийтгэл эдэлж байсан болохыг албан эх сурвалж мэдээлсэн.

 

Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1 гр, гашиш 15.5 гр, өвс 6.4 гр, анданте 490 ширхгийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

Анхаар! Анданте

Эд мөрийн баримтаар хураан авсан анданте гэх эм нь Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад бүртгэгдсэн аж. Энэхүү эм нь 2009 оноос манай улсад Бүгд Найрамдах Унгар улсаас импортоор орж ирж, эмийн сангуудаар худалдаалагддаг байжээ. Гэвч энэ төрлийн эмийг гар дээрээс худалдаалах, ууж хэрэглэн мансуурах тохиолдол бүртгэгдэж, энэ явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор холбогдох газруудад хүсэлт тавьсан байна.  Үүний дагуу Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Монгол Улсын эмийн бүртгэлээс хасч, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт”-д тус эмийг бүртгэсэн байна.

 

Харин сүүлийн үед иргэд үүнийг мэдэхгүйн улмаас санамсаргүйгээр болон санаатайгаар анданте гэх эмийг биедээ авч явах, ууж хэрэглэх зэргээр эрүүгийн гэмт хэрэгт татагдсан тохиолдол ч гарчээ. Мөн энэ төрлийн бодисыг хууль бусаар олж авах, биедээ авч явсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

Түүнчлэн ОХУ-аас их хэмжээний андате гэх эмийг санаатайгаар, биедээ авч орж ирсэн гэмт үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа аж.

 

Монгол Улсад 2010 оноос 2015 оны эхний таван сарын байдлаар 677 холбогдогчтой 213 хэргийг илрүүлж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, ажилласан байна. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг жил ирэх бүр нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагын эх сурвалж онцолсон. Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мөн залуу үеийнхэн мансууруулах төрлийн үйлчилгээтэй эм, бодисыг хэрэглэх нэмэгдэж байгаад эцэг эхчүүд болон холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй байгааг ч хэлж байсан юм.

 

 

Б.Баатархүү: Сэжигтнүүдийн олонх нь залуус байна

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс дараах асуултад хариулт авлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn-Сэжигтнүүдээс гаднаас орж ирдэг бодисыг хураажээ. Тэгэхээр хил гаалийнхан, анхаарахгүй оруулж ирээд байна гэсэн үг биз дээ.  

-ICE буюу мөсийг гадаадаас оруулж ирдэг. Манайд энэ төрлийн бодисыг гаргаж авдаггүй. Энэ төрлийн бодисыг хууль бусаар олж авдаг, захиалдаг, хууль бусаар хил нэвтрүүлдэг мөн гар аргаар боловсруулдаг этгээдүүдийг сэжигтнээр татан шалгаж байгаа.

 

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллаж байна вэ?

-ЦЕГ-ын ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс ажиллаж байна. Мөн манай нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа.

 

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн насны хувьд ямар байна вэ?

-Харамсалтай нь залуус олон байна. Одоо шалгагдаж буй хэргүүдийн сэжигтний дунд 1 эмэгтэй хүн байна.

 

-Одоо шалгаж буй хэрэгт олны танил хүмүүс, төрийн албан хаагч холбогдсон  гэж мэдээлэгдэж байсан.

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урлаг соёлын хүмүүс байхгүй. Төрийн албан хаагчид холбогдсон гэсэн мэдээлэл алга байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин