Урьдчилгаа төлбөрийн 30 хувь бол олон улсаас өндөр түвшин
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийв. Тэрбээр энэ удаа иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр:
Нийт 67612 иргэнд 2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгож, 1657 иргэнд 57 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлээд байна. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувийг, чанаргүй зээл нь 0.5 хувийг эзэлж байгаа бөгөөд зээлийн чанар 97.7 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 72.9 хувийг орон сууцны найман хувийн хүүтэй зээл болон нэ хэмжээтэй хүүтэй зээлд шилжүүлсэн зээл, 24.9 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.3 хувийг бусад эх үүсвэрээр зээл бүрдүүлж байна.
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, намуудын мөрийн хөтөлбөрт орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх асуудал тодорхой тусгагдсан. Барилга ба түүнтэй холбоотой салбарын үйлдвэрлэл ДНБ-ий 10-аас доошгүй хувийг тогтмол эзэлж байдаг. Тус салбарын банкуудын нийт зээл багцад эзлэх хувийн жин нь тасралтгүй өссөн нь тухайн салбарын эдийн засагт эзэлдэх байр суурь өргөжсөний дэрэ эдийн засгийн өсөлтөд улам нөлөөлснийг харуулж байна.
Иймд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс барилгын салбарыг дэмжих зайлшгүй шаардлага тулгараад байна. Засгийн газар энэхүү арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжүүлэхийн тулд нийгмийн даатгалын сангийн тухай хуулинд нийгмийн даатгалын санг дотоодын хөрөнгө оруулагч боолгон ашиглах талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Хүн амыг орон сууцжуулах барилга болон дагалдах салбаруудыг дэмжихэд олон талт төрийн бодлого, шийдэмгий үйл ажиллагаа хэрэгтэй байна. Зайлшгүй гарч болох сөрөг үр дагаврыг хүлээх бус сөрж, урьдчилан харж ажиллах нь бидний үүрэг билээ. Манай улсын хувьд барилга нь уул уухайн салбарын дараа орох эдийн засагт чухал нөлөөтэй салбар болсон. 2015 онд барилгын салбарын үйлдвэрийн түвшин 30-50 хувь буурах төлөв байдал ажиглагдаж байна. Хэрэв барилгын салбарын бүтээн байгуулалт дурдсан хэмжээгээр буурвал тухайн салбарын ажилчдын орлого, компаниудын гүйцэтгэх ажлын хэмжээ, төлөх татварын хэмжээ тэр хэрээр буурна.
Барилгын салбарын бүтээн байгуулалт огцом буурснаас хамаарч, ДНБ-ий өсөлт 1.5-2 хувиар багасах, эдийн засгийн нийт өсөлт ¼-ээр буурах тооцоолол харагдаж байна. 2013-2014 онд барилгын салбар нь ДНБ-ий өсөлтийг хангах чухал салбар болж, уул уурхайн уналтыг зөөллөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан боловч энэ өсөлт нь үндсэндээ төрийн хөнгөлөлттэй зээл ба ипотекийн зээлээр хангадсан билээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэддээ бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал чухал байна. Иймд ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 20 хүртэлх хувьд Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй. Мөн иргэд 10 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 20 хувийг урт хугацаанд төлөх боломж нь бүрдэх юм. Ингэснээр зээлийн тогтолцоонд эрсдэл гарахгүй. Хэрэв УИХ бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар энэ талаар бололцоотой бүхий л хэлбэрээр ажиллахад бэлэн байна.
Манай оронд мөрдөж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 хувь нь олон улс болон бүс нутгийн дундажаас өндөр байгаа бөгөөд аль ч улсын эдийн засгийн хүндрэлтэй үед ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй байсаар ирсэн байна" хэмээн мэдээлэв.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ