”Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” нээлтээ хийлээ
2015-06-05

Манай улс үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймдээ ч дэлхийн улс орнуудад үлэг гүрвэлийг танилцуулсан үзэсгэлэн гаргаж, гадаадын жуулчид үлэг гүрвэлийн өлгий нутагт очиж үзье гэж зоридог хэсэг ч байдаг гэдэг. Гэвч үлэг гүрвэлийн хамгийн том үзмэрийг байрлуулсан Байгалийн түүхийн музей хаалгаа барьснаас хойш гадаадын жуулчдад үзүүлэх үзмэрээр хомс байсан. Өнгөрсөн онд гадаадын улс орноос эргүүлэн авчирсан үлэг гүрвэлийн үзмэрүүдийг “Үлэг гүрвэлийн төв  музей”-д байршуулж, манайхыг зорин ирсэн жуулчдад үзүүлэх юмтай болсон юм.

 

Тэгвэл өнөөдөр “Хүннү малл” цогцолборт өнөөдөр “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгийн үзмэрийн хувьд Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн олдвор цуглуулгыг дэлгэн, гэрчилгээжүүлж, дэлхийд үнэлэгдэх үнэ цэнтэй болгосноороо ялгагдах гэнэ.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцож үг хэлсэн юм.

 

Энэ үеэр “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулж, “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгууллаа. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас тус үзэсгэлэнгийн талаар цөөнө асуултад хариулт авсан юм.

 

-Үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулаач?

-Манай улс эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд эхний тавд ордог бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд тэргүүлдэг. ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн хоёр томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан билээ. Ийм гайхамшигтай олдворын өлгий болсон орны хувьд энэ бүхнийг өөрийн улсын иргэдэд зөвөөр таниулж үзүүлэн, сурталчилах нэн шаардлагатай байна.

 

Тэгэхгүй бол иргэд үлэг гүрвэл бол гадагшаа гаргаж зарахад ихээхэн ашигтай олдвор л гэж ойлгоод байх шиг байна. Энэ ойлголтыг бид өөрчлөх, хүүхэд багачуудад энэ ховор үзмэрийг сурталчилах үндсэн зорилготой юм. Гэтэл манайд музейн байр савны асуудал маш хүнд байна. Байгалийн түүхийн музейг ашиглах боломжгүй гээд актлачихсан. Тийм учраас бид "Хүннү молл"-ын удирдлагатай олон удаа уулзаж, ярилцсаны үндсэн дээр өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. 

 

-Үзмэрийн хадгалалт хамгаалалт, стандарт шаардлагыг хэр хангаж байгаа бол?

-Музейн үзмэрүүд маань хаа очиж уран зураг шиг тусгайлсан стандарт шаарддаггүй учраас энэ төвийн байр ерөнхийдөө болж байна. Тэгээд ч бид бүтэн сарын хугацаанд туршилтын журмаар үзэсгэлэнгээ ажиллуулсан. Ингээд цаашид ажиллуулах боломжтой юм гэсэн дүгнэлтийн үндсэн дээр ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Харин харуул хамгаалалтыг нэлээд өндөр түвшинд шаарддаг учраас "Хүннү молл" төвөөс өндөржүүлсэн хамгаалалтыг нэмэлтээр гаргаж өгч байгаа.

 

-Үзэсгэлэн ямар үнэ төлбөртэй байх вэ. Хэзээ болтол үзэсгэлэн нээгдэх юм бол?

-Гадаа талбайд байрлуулсан үзмэрүүд маань ямар нэг төлбөргүй. Харин доторх үзмэрүүдийг үзэхэд том хүн 3000 төгрөг, хүүхэд 1500 төгрөг байх юм. Үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Хуучин Ленинии музеигээ яагаад МАН-гэдэг нмаас буцааж авч музеи болгож чадахгуи баигаа юм бэ
2015-06-06
Зочин:
Шившэг болж байна даа Монгол улс.Динозавраа байрлуулах музей ч үгүй нэг дэлгүүр дотор музей нээгээд л .Нэгэнт л Монголд багтаж шингэх газаргүй юм чинь бүх олсон динозаврын яснуудаа гадаадынханд зараад палентологи гэж юмыг хуулиар хориглочихвол Төр засгийнхны бах нь ханах байх
2015-06-05