Луугийн хормойд амьдрагсад
2015-06-06

                              

Галт уулын маш хүчтэй дэлбэрэлтийн улмаас устсан байх магадлал хамгийн өндөр улс бол Япон хэмээн Францын Франс Пресс агентлаг өнгөрсөн жил мэдээллэж байлаа. Сүүлийн 120 жилийн хугацаанд Японы том жижиг бүхий л арлууд дээрх галт уулын сэрэлтийг судлан дүгнэсэн дээрх дүгнэлтийн бодит байдал дээрх магадлал 1 хувь хэмээн Кобе хотын Их сургуулийн профессор Ёшиюки Тацүми хэлжээ. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтийн уршгийг хамгийн ихээр амсдаг Япон улсын хувьд техник технологийн хөгжлөө энэ чиглэлд ч нилээдгүй нэвтрүүлдэг. Гэсэн хэдий ч байгалийн давагдашгүй, гэнэтийн хүчний өмнө хүчин мөхөсдөх зүйл маш олон. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Токиод 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол баасан гаригт нь Күчиноэрабу арлын Шиндаке галт уул дэлбэрсэн юм. Хэдийгээр уг арлын оршин суугч нийт 137 хүнээс галт уулын дэлбэрэлтэд өртөж гэмтсэн хүн байхгүй ч Японы засгийн газраас урьдчилсан арга хэмжээ авч нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон ч гэлээ галт уулын дэлбэрэлтийн хэмжээ, учруулах хор хөнөөл, хамрах хүрээллийг урьдчилан тооцоолж мэдэх аргагүй нь япончуудыг байгалийн өмнө хүчин мөхөс гэдгийг нь мэдрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй.

 

Күчиноэрабу арал дээрх галт уулын эхний дэлбэрэлтээс гарсан халуун лав агаараас харахад толбо шиг байсан боловч хоёр дахь дэлбэрэлтийн эрсдэл илүү өргөн хүрээг хамарч Маэда дүүрэгт хүрч болзошгүй байгааг Цаг уурын хүрээлэнгээс анхааруулаад байна. Хамгийн ойрын арал Кюүшюүгийн өмнөд хэсэг нь Күчиноэрабу арлаас ердөө 100 гаруйхан километрийн зайд байрладаг. Уг галт уул өнгөрсөн жил мөн сэрсэн ч энэ жилийн дэлбэрэлт түрүү жилийнхээс хамаагүй хүчтэй байгаа аж.

 

Шиндаке галт уул 1841 онд асар хүчтэйгээр оргилон дэлбэрч арлын оршин суугчид олноороо амь үрэгдэж байсан бөгөөд түүнээс хойш үе үе жижиг хэмжээний оргилолт л ажиглагдаж байжээ. Японы Цаг уурын хүрээлэнгийн мэдээллэснээр 1931 онд Шиндаке галт уулын баруун захад болсон жижиг дэлбэрэлтийн улмаас үүссэн хөрсний гулгалт мал аж ахуй, газар тариалан эрхлэгч 2 иргэн нас барж байжээ. Үүнээс хойш 1933 оны арванхоёрдугаар сар, 1934 оны хооронд хэд хэдэн удаа дэлбэрэлтээс цацарсан халуун лаванд ойролцоох тосгон бүхэлдээ шатаж, 8 хүн амиа алдаж, 26 хүн шатаж бэртсэн байна. 1960, 1966 онуудад болсон дэлбэрэлтийн долгионд Осумийн бүлэг арлын Кагошима, Танэгашима гэх жижиг арлууд цохигдон далайд завьтай явж байсан 3 хүн гэмтсэн тохиолдол гарчээ. Үүнээс хойш Шиндаке галт уул хэсэг тайван болсон ч 2000 оноос эхлэн дэлбэрэлт болон чичирхийлэх хэмжээ нь улам нэмэгдсэнийг шинжээчид тогтоосон байна.

 

2014 оны наймдугаар сард Шиндаке галт ууланд дэлбэрэлт үүсч 800 метр өндөр оргилон, ойр орчмыг хамарсан өтгөн утаан мананд бүрхэгдсэн аж. Күчиноэрабу арлын оршин суугчид байнгын идэвхитэй галт уултай зэрэгцэн амьдардаг ч өөр нутагт шилжин суурьших талаар огт боддоггүй гэдгээ сэтгүүлчид болон засгийн газартаа илэрхийлжээ. Баасан гарагт гарсан галт уулын дэлбэрэлт гуравдугаар зэргийн шаталбарт хүрсэн байна. Галт уулын шатаах, сүйтгэх хүчийг 1-8 баллаар үнэлдэг шаталбарыг 1982 онд галт уул судлаач эрдэмтэд гаргажээ. 1-2 баллын чичирхийллийг өдөр тутмын, тийм ч хүчтэй бус гэж, 3 баллд хүрвэл 15 километрт мэдрэгддэг тул хүчтэй чичирхийлэл гэж тооцдог. Харин 4-5 балл нь үнс, гал нь 1 километр орчим өндөрт цацагддаг аюул дагуулах хэмжээний бол 6 балл нь асар том бөмбөг тэсрэхтэй адил цунами үүсгэн, халуун лав, үнс нурам нь хэдэн зуун километрт хүрэх аюултай байдаг ажээ. Хамгийн хүчтэй 8 баллын дэлбэрэлт хүн төрөлхтөний түүхэнд хараахан тохиогоогүй байна.

 

Галт уул дэлбэрч оргилох нь ихэнх хүмүүсийн бодож, бидний нүдэнд харагдах үнс нурам, халуун лав цацдаг зүйл төдийхөн бишээ. Хэдийгээр богинохон хугацаанд дэлбэрч, оргилдог ч байгаль дахь хорт нөлөөлөл нь урт хугацааных байдаг. Галт уулын дэлбэрэлтээс сасар их хүчил ялгарч озоны давхрагад нөлөөлөн нарны хэт ягаан туяаг нэмэгдүүлдэг. Улмаар хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг бөгөөд агаарт цацагдсан утаа, үнс нь нарны гэрлийг халхалснаас дэлхийн хүйтрэлд нөлөөлөх хэмжээнд ч хүргэдэг байна.  Галт уулын хормойд амьдрана гэдэг хэзээ ч сэрж мэдэх луугийн өвөрт амьдрахтай ижил аз сорьсон амьдрал байдаг.

 

Эх сурвалж: ТОЙМ сэтгүүл

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин