Спикер Дархан-Уулд ажиллаж байна
2015-06-07

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр   Дархан-Уул аймагт ажиллаж байна. УИХ-ын даргыг Дархан-Уул аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.

 

УИХ-ын даргад тус аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн цаг үеийн асуудлаар танилцуулга хийж, холбогдох асуудлаар харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцож нээж үг хэллээ.

 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийг тус аймгийн Засаг дарга С.Насанбат нээж, УИХ-ын даргыг оролцогчдод үг хэлэхийг урив.

 

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, ЗДТГ-ын удирдлагуудтай би энэхүү сургалтын өмнө ажлын уулзалт хийж зарим асуудлаар ярилцлаа.  Дархан-Уул аймгийн статусын талаар санал солилцлоо. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Өөрчлөлтөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэдэг үгийг тусгай хот гэдэг тодотголтойгоор оруулахаар төсөл яригдаж байна. Энэ нь ажил хэрэг болвол урт хугацааны төлөвлөлтийн дагуу газраа томосгож тэлсний үндсэн дээр, хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох боломж Дархан, Эрдэнэтийн ард иргэд та бүхэнд бүрдэх юм. Энэ удаагийн УИХ Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж ямар байгууллага юм, ЗДТГ-тай хэрхэн харилцах ёстой байгууллага вэ, Төсвийн эрх мэдлийн асуудал, мөн төсөв батлахад оролцох эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг зохион байгуулалтын болон удирдлагын зарим механизмыг өөрчилсөн. Үүний хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг УИХ-ын Тамгын газар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3-р сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн.

 

Энэхүү төсөл олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгож байна. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгээд байна. Сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна.  Тухайлбал, нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Мөн энэхүү сургалтын хоёрдахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна гэлээ.

 

Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361,  Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж,  хамрагдалт 85.5 хувьтай болжээ.  Мөн эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна.

 

УИХ-ын даргыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин