Францын иргэнийг “Найрамдал” медалиар шагнажээ
2015-06-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Франц Улсын иргэн Никола Бурделийг    “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

 

Түүнийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Никола Бурделийг “Найрамдал” медалиар шагнасугай” гэжээ.

 

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Гэхдээ Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын харилцаа түүнээс урт түүхтэй. Бүр XIII зууны үеэс харилцаж байсан түүх байдаг. Монголын нэн шинэ үеийн түүхэнд 1926 онд монголчууд охид, хөвгүүдээ Франц Улсад явуулж сургаж байсан. Тэр хүмүүс Монголд эргэж ирээд Европын соёл, Францын соёлыг түгээж, Францын утга зохиол, сонгодог бүтээлийг монгол хэлэнд хөрвүүлж нийтийн хүртээл болгож байсан.

 

Одоо цагт та Монгол Улсад ирж эхчүүд, хүүхэд багачуудын эрүүл мэндийн салбарт их буянтай ажил хийж байгаад баяртай байна. Таны энэ үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг Монголын төр өндрөөр үнэлж “Найрамдал” медалиар шагналаа. Танд баяр хүргэж цаашдын тань ажилд амжилт хүсч эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Баярлалаа” гэв.

Shuud.mn
Сонин хачин