Тахар хэрхэн хамгаалдаг вэ
2015-06-08

Тахарын ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах газраас өнөөдөр гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг болохоо танилцуулав.

 

Хуульд заасны дагуу аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг үзүүлдэг. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, аюулгүй газарт түр байрлуулах, нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх гэсэн хэлбэртэй.

 

2014 оны тавдугаар сар буюу Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн үед иргэнээс анхны өргөдөл ирсэн бөгөөд мөн онд тахарууд 34 иргэнийг хамгаалалтад авч, туслалцаа үзүүлжээ.

 

Харин өнөөдрийн байдлаар тус газрын хамгаалалтад 36 иргэн байна. Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Булган аймагт нийт зургаан бүсэд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж. Орон нутагт шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгааг Тахарын ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах газрын дарга И.Даваажамъян онцолж байсан.

 

Хамгаалалт авч буй иргэн бүрийг биечилсэн хамгаалалтаар хүн дагуулаад явах боломж байхгүй учир орчин үеийг технологийг ашиглах болжээ. Тодруулбал, байршил тогтоогчтой аюулгүйн товчлуурыг хамгаалалтад буй иргэний биед зүүлгэж, Жи Эс Эм сүлжээ ашиглан сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар холбогдон тэднийг байнга хянаж байдаг аж. Ингэснээр тухайн иргэнд ямар нэгэн аюул, занал тулгарсан үед SOS товчлуурыг 4 секундын хугацаанд дарснаар Тахарын ерөнхий газрын хяналтын төвд дуудлага болон холбогдох албан тушаалтнуудын гар утсанд мессеж ирдэг юм байна. Дохио, мессежийг хүлээн авснаар тахарууд газар дээр нь очиж аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэгжүүлнэ.

 

Гэхдээ аюулын эрсдлийн түвшинг тооцож тухайн хүнийг хэрхэн хамгаалахын шийддэг ба эрсдэл өндөртэй нөхцөлд биечилсэн хамгаалалтад авдаг. Дундаас доогуур эрсдэлтэй буюу биечилсэн хамгаалалт шаардлагагүй тохиолдолд “аюулын товчлуур”-ыг ашиглаж байгаа гэнэ.

 

Түүнчлэн хамгаалалуулагч өөрөө зөвшөөрч, хүсэлт гаргасан тохиолдолд аюул, заналаас сэргийлэх зорилгоор түүний байгаа газар нууц камер байрлуулан, шууд хянаж байдаг аж.

 

Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад хүний эрхэнд халдаж болохгүй

Энэ сэдвээр Гэрч хохирогчийг хамгаалах  тасгийн дарга Д.Жанчивдоржоос зарим зүйлийг тодруулав.

-Заналхийлэгч этгээдийн тодорхой үйлдлийг хязгаарладаг. Тэднийг хэрхэн хянаж байдаг юм бэ?

-Тэдэнд “аюулын товчлуур”-ыг далд зүүдэг. Заналхийлсэн этгээдийн тодорхой үйлдлийг хязгаарлана. Ойлгомжтойгоор тайлбарлавал, заналхийлэгч этгээд Дулмаатай уулзаж,  гэрийнх үүдэнд, ажил дээр нь очиж дарамт үзүүлж болохгүй гэх мэт. Гэтэл нөгөө этгээд хориглосон бүс рүү нэвтэрсэн тохиолдолд бидэнд сигнал ирнэ. Өөрөөр хэлбэл Дулмаа байгаа газраа бидэнд урьдчилан мэдэгдэж байдаг гэсэн үг. Энэ бол гол давуу тал нь.

 

-Заналхийлэгч этгээдийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч өгсөнгүй гэсэн гомдол гардаг.

-Тэгдэг. Нэгдүгээр эрүүгийн хэрэг үүсээгүй байдаг. Хоёрдугаарт заналхийлэгч этгээдийн эрх гэж бий. Эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаагүй эсвэл эрүүгийн хэрэг үүсээгүй байхад бид тэр хүний эрхэнд халдаж болохгүй. Тэгэхээр бид урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болчихож байгаа юм.

 

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид хамгаалалт хүсэх нь олон байна гэсэн.

-Тиймээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ үзүүлж байгаа. Эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд.

 

"Аюулын товчлуур"

 

 

Б.Хүлэг 

Shuud.mn
Сонин хачин
Өөрсдийгөө хичээмээр
2018-09-20
irgen:
Zail hairan txsxv
2015-06-09
Зочин:
Харин ч хохирогчийг хамгаалж байгаа нь зөв зүйтэй асуудал байна ш дээ.
2015-06-08
Зочин:
Ийм төхөөрөмж ашиглаж хамгаалж байгаа нь гэмт хэргийн гаралт багасах, гэрчийг хамгаалах зөв шийдэл юм аа
2015-06-08
занаа:
Тахар шиг хэрэггүй алба алга даа .монголын түүхэнд шүүгчрүү дайрсан зодсон ямарч хэрэг гарч байгаагүй .энэ асуудлыг ердөө ганцхан цагдаа шүүх дээр зохицуулдаг байсан юм.Тэмүүжин хийрхэж хайран хөрөнгө мөнгө төсөв барах балай хар тахарыг байгуулсан юм.Одоо яаралтай татан буулга ерөнхий сайдаа.!!!
2015-06-08