Зээл авсан ААН-үүдийн ажилтай танилцлаа
2015-06-08

 

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан юм. Эхний өдөр Сэлэнгэ аймагт ажиллсан бол өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, Нэхий ХК, Цемент-шохой ХК, "Хилэм ост" ХХК-иудын үйл ажиллагаатай танилцсан юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллав.

 

 

ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад оролцов

 

Түүнийг Дархан-Уул аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авсан. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн цаг үеийн асуудлаар танилцуулга хийж, холбогдох асуудлаар харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын арга хэмжээнд оролцож үг хэлсэн.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “ЗДТГ-ын удирдлагуудтай ажлын уулзалт хийж зарим асуудлаар ярилцаж, Дархан-Уул аймгийн статусын талаар санал солилцлоо. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Өөрчлөлтөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэдэг үгийг тусгай хот гэдэг тодотголтойгоор оруулахаар төсөл яригдаж байна. Энэ нь ажил хэрэг болвол урт хугацааны төлөвлөлтийн дагуу газраа томосгож тэлсний үндсэн дээр, хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох боломж Дархан, Эрдэнэтийн ард иргэд та бүхэнд бүрдэх юм” хэмээн онцолсон юм.

 

Түүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар “Энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох юм. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлнэ.

 

Орон нутгийн ИТХ нь тухайн орон нутгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахын зэрэгцээ хөгжлийн бодлоготой холбоотойгоор эрхзүйн орчныг сайжруулах талаар төсөл оруулж ирэх өргөн боломж бүрдсэн байна. Энэхүү сургалтаас гарсан санал бүрийг тусган хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боломжтой. Мөн та бүхэн тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ цаг үеийн асуудлаар уулзалт, орон нутгийн өмнө тулгарсан асуудлаар сонсгол хийх боломж байгаа гэдгийг хэлье” хэмээн мэдээлэл өгсөн.

 

 

Энэхүү уулзалтын дараа Дархан-Уул аймгийн АН-ынхан тус намын дарга З.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарыг хүлээн авч уулзсан.  Уулзалтын үеэр намын бодлого, зорилт, тулгамдсан асуудлуудаар санал солилцсон юм.

 

 

Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилийн 5 сая тоннд хүрчээ

 

УИХ-ын дарга З.Энхболд намын даргын хувиар гишүүдтэйгээ уулзалт хийсний дараа Засгийн газрын хөнгөлттэй зээл, Чингис бондын мөнгөнөөс зээл авсан ААН-үүдийн ажилтай танилцсан юм. Хамгийн эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д очсон.

 

 

Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн хэтдээ ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан тус үйлдвэр нь гангийн үйлдвэрлэл, уул уурхай гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус компанийн үйлдвэр хариуцсан дэд захирал М.Баттөгс хэлэхдээ “Баяжуулах үйлдвэр нь АНУ-ын TRIO, Герман-Хятадын хамтарсан SANME, БНХАУ-ын ZENITH, АНУ-БНХАУ-ын хамтарсан ERIEZ MAGNETICS зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Одоогоор баяжуулах үйлдвэрүүдийн нийт суурилагдсан хүчин чадал жилийн 5 000 000 тоннд хүрсэн. Хуурай соронзон баяжуулалтаар 56 хувиас дээш төмрийн агуулга бүхий бүхэл болон нунтаг баяжмалыг үйлдвэрлэж байна” гэлээ.

 

Тус компанийн Эдийн засаг хариуцсан захирал Ж.Эрдэнэбилэг “Төмөрлөгийн үйлдвэрийн хувьд хаягдал төмөр боловсруулалт, ган бэлдэц үйлдвэрлэлт, цвимал бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэсэн гурван төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Хаягдал төмрийг стандартын дагуу зүсч жижиглэн боловсруулж цахилгаан нуман зуухны түүхий эд болгон ашиглаад, стандартын дагуу бэлтгэгдсэн хаягдал төмрийг цахилгаан нуман зууханд хайлуулж 115х115мм хөндлөн огтлолтой ган бэлдэц үйлдвэрлэдэг. Цувимал үйлдвэрлэл нь стандартын шаардлага хангасан ган бэлдэцийг дахин халаах зууханд халааж цувих суурь машинаар дамжуулан цувиж барилгын төмөр бетон бүтээцийн иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” гэв.

 

 

Үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ дарга З.Энхболд “Засгийн газрын хөнгөлөлттэй зээлүүдээр санхүүжиж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр дээр ажилладаг байсныг жинхэнэ эх орныхоо түүхийн эдийг боловсруулдаг болгосон. Энэ үйлдвэрт хэрэгжиж буй төсөл дуусах юм бол гаднаас төмөр импортлох шаардлагагүй болно. Юуны өмнө импортыг орлох, үүний дараа дэлхийн жишигт нийцсэн төмрийн хүдэр экспортлох зорилготой байна. Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, валютын урсгал зөв зохистой болно” гэлээ.

 

Голланд загвар зохион бүтээгчтэй хамтран ажилладаг болжээ

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцсаны дараа УИХ-ын дарга “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал болон Засгийн газрын хөнгөлөлтэй зээлд хамрагдсаны үр дүнгийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай харилцан ярилцсан. Тус үйлдвэртэй танилцах үеэр УИХ-ын Тамгын газар тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон юм.

 

 

Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийн, эхний ээлжинд загваруудаа тохиролцсон байдалтайгаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авдаг гэнэ.

 

Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Батсайхан хэлэхдээ “"Дархан нэхий" ХК улсын төсөвт жилд 2 тэрбум төгрөгийн татвар төлдөг бөгөөд хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ өргөжүүлснээр энэ хэмжээ нэмэгдэх боломж бүрдсэн Эдийн засаг хүндэртэй байна гэж байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчид санаачилгатай ажиллаж чадвал давуу талаа болгох боломж байна. Бид жилийн 6 хувийн хүүтэй Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан, үүнийгээ түүхий эд материал худалдан авах, нийлүүлэлтийн сүлжээн дэх дэд бүтэц, хүчин чадал сайжруулах, тоног төхөөрөмж худалдан авах,  үйлдвэрийн барилга, дулаан, сантехникийн засвар, экспортын маркетингийн зардалд зарцуулсан.

 

 

Одоогийн байдлаар 2 сая арьс боловсруулах хүчин чадалтай Богийн арьс боловсруулах үйлдвэр, 350 000 шир боловсруулах хүчин чадалтай Шир боловсруулах үйлдвэр, нийт борлуулалт 17 тэрбум төгрөг, үүний нэхий дээл 15 тэрбум, жижиг эдлэл 2 тэрбум төгрөгийн борлуулалтай байна. Нэхий эдлэлийн оёдлын үйлдвэр, Савхин эдлэлийн оёдлын үйлдвэр, Гадартай хувцасны оёдлын үйлдвэр болон жилд нийт 150 000 хос ширэн гутал, 50 000 хос хавар намрийн гутал, 50 000 хос нэхий гутал  нийт 250 000 хос гутал үйлдвэрлэж байна.

 

Манай компани бүтээгдэхүүнийхээ загварыг сайжруулахын тулд Голланд загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж  байгаа. Сүүлийн жилд гутлын үйлдвэрлэлд илүү анхаарч байна. Үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэлийг 325 суманд ажиллаж буй 1500 төлөөлөгч хариуцан ажилладаг” гэлээ.

 

 

УИХ-ын дарга тус үйлдвэрийн экспортын шинэ бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхоод “Төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах ёстой. Яг энэ чиглэлээр төрийн байгууллагаас зарласан аливаа тендерийг шалгаруулахдаа үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгон, дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй ижил нэр төрлийн импортын бараа, үйлчилгээг авахгүй байх зохицуулалт бүхий төсөл УИХ-д хэлэлцэгдэж байгаа” хэмээн онцолсон юм.

 

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн нэгжийн өртөг 37 хувь буурчээ

 

 

“Дархан нэхий” ХК-ний үйл ажиллагаатай танилцсаны дараа тэрбээр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байх Хөтөлийн “Цемент шохой” ХК-ний үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батдорж үйлдвэрийнхээ талаар товч танилцуулга хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Манай үйлдвэр анх 1983 онд  "Хөтөлийн цемент, шохойн комбинат" нэртэйгээр байгуулагдсан, өдгөө 890 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бид олон улсын ISO стандартад нийцсэн, өндөр чанартай цемент 1 000.0 мянган тонн, 85 хувиас дээш идэвхжилтэй, 0-120 мм ширхэглэлтэй технологийн болон барилгын шохой 65.0 мянган тонн шохой, 162.0 мянган Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэртээ технологийн шинэчлэлт хийж, хүчин чадлыг 1 сая тоннд хүргэх зорилгоор УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 86 дугаар тогтоолоор 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүтээгдэхүүн хуваах зарчим бүхий Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

 

 

Хуурай технологийн үйлдвэрийн туршилт тохируулгын ажил 2013 оны 11 дүгээр сараас эхэлж, өнгөрсөн оны 05 дугаар сард ашиглалтад орсон. Дэвшилтэт хуурай технологийн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн нэгжийн өртөг 37 хувь буурсан. Одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, валютын гадагшлах урсгалыг зогсоох үүднээс чулуунцарын импортын гаалийн татвар 5 хувь байгааг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх, зах зээлийн оргил ачааллаас бусад үед импортын цементийн гаалийн татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчийг “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-аар дамжуулахгүйгээр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-аас шууд худалдан авах эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ.

 

Танилцуулгын дараа УИХ-ын дарга "Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан. Тэр төсөлд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт шилжүүлэх зохицуулалт хийхээр байгаа. Ингэсэн тохиолдолд улирлын ялгаа зэргийг харгалзсан татварын зохицуулалт хийх боломж бүрдэнэ.

 

 

Гэхдээ танай тавьж байгаа хүсэлтээр татварыг 50 хувьд хүргэх боломжгүй. Дэлхийн худалдааны байгууллагатай нэгдэхдээ хүлээсэн үүрэг бий, тэр хүрээнд л шийднэ. Эрчим хүчний асуудлын тухайд 2000 онд Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээг хувьчлахдаа энэ асуудлыг тооцоогүйгээс хүндрэл үүссэн. Хуучин бичиг, баримтаа эргэж харах хэрэгтэй, шударга зарчмаар ажиллах ёстой” гэсэн юм.  

 

Энэхүү мэдээллийн дараа тус үйлдвэрийн 110 сая ам.долларын өртөг бүхий өргөтгөлийн бүтээн байгуулалттай танилцаж, мэдээлэл авсан. Байгуулагдсан цагаасаа хойш бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагүй тус үйлдвэр шатаадаг зуух, агуулах, бэлтгэлийн цех гээд 2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон гэнэ.

 

 

Өргөтгөл хийснээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах болсон байна. Шаардлагатай бол дахин өргөтгөл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Энэ үеэр УИХ-ын дарга "ОХУ руу цемент экспортлох талаар ярих цаг болж байгаа гэсэн үг. Өргөтгөлийн 110 сая ам.долларын тал нь Чингис бондоос, үлдсэн нь хувийн хэвшлээс гаргасан томоохон бүтээн байгуулалт юм" гэлээ.

 

Чингис бондын хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгнө

 

Энэ үеэр УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамт явсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас сэтгэгдлийг нь сонссон.

 

Тэрбээр хэлэхдээ “Чингис бондын хөрөнгө оруулалтууд энэ он болон ирэх оноос үр дүнгээ өгөх нь тодорхой харагдаж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр гэхэд Монголын цементийн хэрэглээний 60 хувийг дангаараа хангах хэмжээнд хүртэл хүчин чадлаа өргөжүүлсэн байна.

 

Дархан нэхий компани гэхэд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг экспортод гаргах боломжтой болжээ. АН-ын зүгээс үйлдвэрүүдээ дэмжих, гарсан бүтээгдэхүүнүүдийг нь борлуулах, өөрсдийн дотоодын хэрэгцээг энэ үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах тал дээр анхаарч ажиллана. Намын зүгээс энэ үйлдвэрүүдээ хөл дээр нь босгохоор ажиллах болно.

 

Ойрын хугацаанд импортын татварыг манай оронд үйлдвэрлэсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй ижил байвал татварыг нэмэгдүүлэх, жишээлбэл, компаниудын ажлын гутал хэрэгтэй боллоо гэхэд Дархан нэхий компанийн гутлыг худалдаж авдаг хууль эрхзүйн орчныг бий болгоно” гэсэн юм.

 

Улаанбаатар хотын хэрэглэгчдэд 10-25 мянган тонн загас нийлүүлнэ

 

 

УИХ-ын дарга Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улаанбаатар хотоос 35 километрийн зайд Туул голын сав газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн “Хилэм ост” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

“Хилэм ост” загас үржүүлгийн аж ахуй нь 2002 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани нь загас үржүүлгийн байр, лаборатори байгуулан шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан шинэ арга технологиор хилэм болоод бусад тэмжээллэг загасыг өсгөн үржүүлдэг байна. Одоогоор 17 төрлийн загас үржүүлж байгаа ба ирэх наймдугаар сараас жилдээ 10-25 мянган тонн загасыг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэхээр ажиллаж байгаа болохыг тус компанийн захирал Б.Алтаншанд УИХ-ын даргад танилцуулсан.

 

 

Засгийн газраас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Загас” дэд хөтөлбөрт "Хилэм ост" компани хамрагдаснаар 1.7 тэрбум төгрөгийн зээл авсны 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр санхүүжүүлсэн байна. Мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, техникийн туслалцаа авсан.

 

2014 оноос БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан “Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны төсөл”-д хамрагдан техник, арга зүйн туслалцаа авч байгаа гэв. Энэ төслийн хүрээнд ойрын хугацаанд 6000 ширхэг хилэм загасны жагамхайг БНХАУ-аас авчрахаар төлөвлөөд байгаа аж. Хилэм загасны хар дүрс нь дэлхийн зах зээлд өндөр үнэтэй хүнсэд тооцогддог бөгөөд 50 гр хар түрс нь 100 ам доллараар үнэлэгддэг байна.

 

 

Тус компани төслийн хүрээнд засаг үржүүлгээс гадна аялал жуулчлалын бүс болгохоор зорьж байгаа гэнэ. Одоогоор аялал жуулчлалыг албан ёсоор эхлүүлээгүй байгаа ч хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа танилцуулах, загас барих хүсэлтэй иргэдийг хүлээн авч байгаа ажээ.  

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09
Зочин:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09
Zosa:
Denduu jijighen yumaa Z tsusaar urs
2015-06-09