Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ
2015-06-10

Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

 

Монгол цэргүүд эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг уламжлалтай.

 

 

Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа юм. НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сурган дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 12.000 орчим цэргийн алба хаагчид одоогоор үүрэг гүйцэтгэж байна.

 

Олон үндэстний Мармал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Сургалтын багийн удирдлага дор сэтгэл санаа болон бие бялдрын тэсвэр хатуужил шалгасан олон сорилтыг давж ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ ханган үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ.

 

Өнөөдрийн арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл  оролцлоо.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин