Төмөр зам дээр чулуу тавьсан хүүхдийг шалгаж байна
2015-06-12

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 394 км-ын гарам орчмын төмөр зам дээр чулуу тавьсан ЕБС-ийн сурагч Б нарын хүүхдүүдийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед төмөр замын ойролцоо амьдардаг айлын хүүхдүүд хориотой бүсэд нэвтэрч, төмөр зам орчимд тоглохдоо зам дээр чулуу өрөх тохиолдол гарч байгаа аж.

 

Төмөр зам дээр чулуу тавьснаар галт тэрэгний тасралтгүй зорчих хэвийн ажиллагаа саатаж, хөдөлгөөний аюулгүй байдалд заналхийлдэг байна. Он гарснаас хойш хүүхдүүд төмөр зам дээр чулуу тавьсан 7 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Энэ асуудал нь Ногоон толгой, Мандал, Хонхор, Толгойт өртөө хоорондын замд гарч байгаагаас тус газар орчимд амьдардаг хүүхдүүдэд Төмөр замын цагдаагийн хэлтэс, УБТЗ-ын Замын 2 дугаар ангиас сургуулиудтай хамтран сургалт зохион байгуулж байгаа гэж 2 дугаар ангийн үйл ажиллагаа хариуцсан инженер Д.Даваажав ярьж байна.

 

Хүүхдийг төмөр замын аюултай бүсэд тоглохгүй байх, төмөр зам дээр чулуу тавьснаас үүдэх хор хөнөөлийг ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
munhnar eej
2018-04-03