Эдийн бус зүйлийн барьцааны хуулийг хэлэлцэхийг дэмжив
2015-06-12

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус зүйлийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслөөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийг зорьжээ.

 

Хуулийн төслийн танилцуулгад “Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Тухайлбал, 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор заасан хэдий ч ийнхүү бүртгүүлэх болон бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт төдийлөн хэрэгжихгүй байна. Иргэний хуулийн 156.4 дэх хэсгийг үндэслэн Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд улсын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нийтдээ 37 удаа хийсэн байна. 

 

Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна” хэмээжээ. 

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарчээ. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болдог байна.

 

Барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсоноос бусад хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд нийтэд нээлттэй, ил тод, нэгдсэн бүртгэлийн системээр дамжуулан барьцаалагчийн барьцааны эрхийг хууль зүйн дагуу хамгаалах асуудал чухлаар тавигджээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус зүйлийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүлээ.

 

УИХ-ын дарга уг хуулийн төслийг яаралтай горимоор ирэх долоо хоногт хэлэлцэн батална гэдгийг гишүүдэд анхааруулсан юм.

Дараагаар нь Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин