Хөдөлмөрийн сайд oлон улсын уулзалтад оролцож байна
2015-06-12

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хуралд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг оролцож илтгэл тавилаа. Швейцарийн Женев хотноо болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хурлын 104 дэх чуулганд дэлхийн 180 гаруй улс орноос ирсэн төр засгийн тэргүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд зэрэг шийдвэр гаргах дээд түвшнийхнээс гадна ажил олгогч болон ажилтны эрх ашгийн байгууллагуудын төлөөлөл нийтдээ  4000 гаруй хүн оролцож байна.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь нийгмийн шударга ёс, зохистой хөдөлмөрийг дэмжих зарчмыг үндсэн зорилгоо болгосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагийн нэг бөгөөд зохистой хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, ажлын байран дахь хүний эрхийг дээдлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр төр, ажил олгогч, ажиллагсдын хоорондын нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм. Тэр ч утгаараа энэ удаагийн чуулганаар хөдөлмөрийн салбарын ирээдүйд анхаарлаа хандуулахыг улс орнуудаас уриалж, дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гай Райдер хурлын эхэнд  "Хүмүүсийг тогтвортой ажлын байр, хөдөлмөрлөх тэгш эрхээр хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах хүчний чадварыг дээшлүүлэх замаар ард түмнийхээ аж амьдралыг сайжруулж, эдийн засгаа хөгжүүлэх нийгмийн нэн чухал асуудлыг хөдөлмөрийн салбарын ирээдүйг баталгаатай хангаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байж шийдвэрлэнэ.

 

Тиймээс бидний энэ удаагийн ярилцаж буй сэдэв дэлхийн орчин үеийн улс төрийн түлхүүр асуудлын нэг яах аргагүй мөн” хэмээн онцолсон бөгөөд үүний тулд чуулганд оролцогчдыг хөдөлмөрийн салбар ба нийгэм, хөдөлмөр зохион байгуулалт ба үйлдвэрлэл, зохистой хөдөлмөр зэрэг тодорхой чиглэлээр нухацтай ярилцахыг уриалсан. Энэ дагуу дэлхийн улс орнуудаас ирсэн төлөөлөгчид илтгэл тавьж өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хурлын хүрээнд болж буй Зохистой хөдөлмөр ба уур  амьсгалын өөрчлөлт дээд хэмжээний уулзалтад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож зохистой хөдөлмөр, албан бусаас албан эдийн засаг руу шилжихэд бичил бизнесийг дэмжих чиглэлээр илтгэл тавьсан юм.

 

Уг хурлаар дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой үйл ажиллагаа явуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж буйг ярилцжээ. Хэрвээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яг одоо л ямар нэг зүйл хийж эхлэхгүй бол ирээдүйд хүн төрөлхтөн асар өндөр үнээр хариуг нь төлөх болно гэдгийг ч хуралд оролцогчид онцолсон байна.

 

ОУХБ-ын Ерөнхий захирал Гай Райдерын үзэж буйгаар зөв бодлого хэрэгжүүлж, нүүрс хүчлийн хийн хэрэглээгээ хумих чиглэлд ажиллаж чадвал эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар дэлхий нийтээр 60 сая орчим “ногоон” ажлын байрыг шинээр бий болгох боломж бий гэнэ.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хурал энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ӨӨРӨӨ ХҮМҮҮСИЙГ ХОМРОГЛОН ХАЛЧИХААД ЯАЖ ҮГ ХЭЛЖ БАЙНАА, ГӨЛИЙЧИХӨӨД ЭНЭ НОВШ МҮҮ ЮМАНДАА САЙН Л ДАА
2015-06-12